МАН бэлчээрийг гэрээлж, АН гол мөрөнд усан сан байгуулна
2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа байгаль орчны салбарт хийх ажлуудыг хүргэе.
БЭЛЧЭЭРИЙГ ГЭРЭЭГЭЭР АШИГЛУУЛАХ ЗАМААР МАЛЧДЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛНА
МАН:Дэлхийн цаг уурын өөрчлөлт
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг багасгах, байгальд ээлтэй, оролцоотой ажил бизнесийг татварын бодлогоор дэмжинэ.
- Хүлэмжийн хийг бууруулах стратегийг утаа, эрчим хүч, өрхийн халаалтын шийдэл, цөлжилт зэрэг тулгамдсан асуудлууд руу чиглүүлж, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
- Үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг хийх аргазүйг сайжруулж, олон улсын хүлэмжийн хийн кредит тооцох арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэн, нөхөн олговор авна.
- Монгол орны ус цаг уурын орчны шинжилгээний салбарт өндөр технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн техникийн шинэчлэл хийж, цаг уур, гамшгийг эрт зарлан мэдээлэх ажлыг шинэ түвшинд гаргана.
- Ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг хийж, ховордсон зүйлийн улаан дансны үнэлгээг шинэчлэн тогтоож хамгаална.
- Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, эко системийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.
- Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.
Уламжлалт нүүдлийн аж ахуй ба сорилт бэрхшээл
- Ус, хөрс, бэлчээрийг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх Бэлчээр ашиглалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлнэ.
- Бэлчээрийн мал аж ахуйд зохистой сүргийн бүтэц, ашиг шимт байдал, байгальд ээлтэй мал маллах зөв дадлуудыг нэгтгэсэн стандартыг нэвтрүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулна.
- Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах замаар ашиглагч-малчдыг хариуцлагажуулна.
- Гэрээний дагуу даацаа хэтрүүлээгүй, зөв зохистой маллаж, бэлчээр хамгаалж байгаа малчдыг бага хүүтэй ногоон зээлд хамруулах боломжийг банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бүрдүүлнэ.
- Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлнэ.
- Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
- Газар ашиглагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж, цөлжилт, газрын доройтлыг бууруулна.
Үнэт баялаг ус
- Усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж, усны чанар, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах 140 хөв цөөрөм, далд усан санг байгуулж, ард иргэд, мал аж ахуй, зэрлэг амьтан, үйлдвэрлэлийн ус хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын ундны гүний усны нөөц ашиглалтыг хязгаарлаж, гадаргын ус ашиглахыг дэмжинэ.
- Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
- Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах, саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ.
- Хаягдал ус боловсруулах, цэвэрлэсэн усыг ашиглах үйл ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Хот, хөдөөгийн хүн амыг шаардлага хангасан ундны усаар хангах хайгуул судалгааг өргөжүүлнэ.
Шар шороон шуурга
- Зүүн Азийн улс орнуудтай хамтран шар шороон шуурганы нүүдлийг зогсоох, цөлжилтийн эсрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
- Эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалахад үйл ажиллагаа, өөрийн хөрөнгөөр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.
- Ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах, ойн хомстол, доройтлыг бууруулахад ухаалаг, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
- “Тэрбум” мод хөтөлбөрийн хүрээнд айл өрх бүр эзэмшлийн газартаа мод тарих аян өрнүүлж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийг ургуулсан модны тоо, цахилгаан, усны зардалтай уялдуулна.
СЭЛЭНГЭ, ОРХОН, ЭГ, ХОВД ЗЭРЭГ ТОМООХОН ГОЛ, МӨРӨНД УСАН САН БАЙГУУЛНА
АН:Ус, хөрс
- Ус, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Тусгай хамгаалалттай газар нутгийг судалгааны үндсэн дээр нэмэгдүүлж, онцлог эко системийн үйлчилгээ, үнэ цэнийг өсгөнө.
- Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулах, хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, ус ашиглалтын үр ашиг, хэмнэлтийг сайжруулна.
- Усны нөөц ашигласны төлбөрийг хэрэглээний хэмжээнээс хамааран шатлан өсгөх зарчимд суурилан тогтоох, төлбөрийн орлогыг дахин хуваарилах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, хэрэгжүүлнэ.
- Ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөл олгох үйл явцаар дамжуулан үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлнэ.
- Нийслэл болон бусад хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж, газар чөлөөлөх, усны нөөц бохирдох, хомсдохоос сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
- Улсын болон сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, усны аюулгүй байдлыг хангана.
- Газрын доорх усны нөөц баялгийг бүртгэлжүүлж, ашиглалтын зохистой менежмент явуулах, усны нөөцийн өөрчлөлт, ашиглалтын талаарх бодит мэдээллийг бий болгох зорилгоор гадаргын усны харуулын тоо болон газрын доорх усны хэмжилтийн цэгийг нэмэгдүүлнэ.
- Сэлэнгэ, Орхон, Эг, Ховд зэрэг томоохон гол, мөрөнд урсацын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлнэ.
- Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөж, шаардлага хангасан ундны ус хэрэглэдэг хүн амын тоог нэмэгдүүлнэ.
- Хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн эко төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
- Ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулж, нөөцийн өөрчлөлтийг шинэчлэн зохистой менежментийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Олон талт байгаль хамгааллын менежмент, техник, технологийн хөгжлийг нэвтрүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг сайжруулна.
- Эко систем, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа аж ахуй эрхлэлтэд олгодог татаасыг бууруулж, эко системийн үйлчилгээг тэтгэсэн, хамгааллын үйл ажиллагааг дэмжинэ.
- Байгаль хамгааллын шинжлэх ухаан, дэвшилтэт технологид түшиглэсэн мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ.
- Тусгай хамгаалалттай газар нутгийн нөөц, даацад тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээх ашиглагчийн хариуцлагыг өндөржүүлэн аж ахуйн зориулалтаар дахин ашиглах боломжтой болгож, эргэлтэд оруулна.
- Амьтан, ургамлын улаан дансыг шинэчилж, ховордсон зүйлийг тодорхойлон, хамгааллын арга замыг хэрэгжүүлнэ.
- Ашиглалтад өртөмтгий амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлэх, тарималжуулах, ойн агропарк байгуулах замаар ашиглалтын нөөцийг бүсчлэн бий болгож, байгалийн нөөцийн тэнцвэрт байдлыг хадгална.
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр дамжуулан газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлнэ.
- Генетик нөөц, үүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл мэдээллийн сан, генетик нөөцийн төрөлжсөн сангууд байгуулж, сан хөмрөгийг баяжуулан биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бодлогоор дэмжинэ.
- Салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, тооллого хийх, магадлах, тайлагнах чадавхийг бэхжүүлж, цахимжуулна.
- Байгаль орчны менежментийн MNS ISO14000 багц стандартыг нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний зөв дадлыг бий болгоно.
- НҮБ-ын уур амьсгалын ногоон сан болон олон улсын байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааны санхүүгийн тогтолцоог хөгжүүлнэ.
- Хог хаягдлын төвлөрсөн цэгийн стандартын ландфиллын болон аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламжийг үе шаттайгаар байгуулна.
- Монгол Улсын ан агнуурын бүсийг шинэчлэн тогтоож, агнуурын эдэлбэр газрыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлнэ.
Ойжуулалтын шинэчлэл
- Ойжуулах, ойг цэвэрлэх, нөхөн сэргээх асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, шинэ арга аргачлал, технологи нэвтрүүлнэ.
- Ойн тэлэн ургалтыг дэмжих, ойжуулах, нөхөн сэргээх зэрэг ой хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар ойн хомсдолоос сэргийлнэ. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
- Ойг нөхөн сэргээх, ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойн хамгаалалтын зурвас байгуулах арга хэмжээг нэмэгдүүлнэ.
- Ойжуулах, хүлэрт намгийг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, ургамлын нөмрөгийг хамгаалах, ургамалжуулах замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
- Эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ой, рашаан, булагийг хамгаалах чиглэлээр өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгжид төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Ой болон бэлчээрт хөнөөл учруулж буй шавж, мэрэгч амьтадтай байгальд ээлтэй аргаар тэмцэж, энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Цөлжилттэй тэмцэх
- Цөлжилтөд хүчтэй өртсөн аймаг, орон нутагт газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Иргэдийн мод тарих санаачилгыг дэмжиж, бүртгэлийг цахимжуулан нийгмийн хөнгөлөлт эдлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх технологи нэвтрүүлнэ.
- Бэлчээрийн ургамлын сэргэх чадавхид суурилсан менежментийг улс даяар нэвтрүүлнэ.
- Цөлжилттэй тэмцэх шинэ технологи нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
МАЗААЛАЙ, ИРВЭС, ЦАГААН ШОНХОР, ТУЛ ЗЭРЭГ САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнд хууль эрх зүйн болон санхүүгийн шинэлэг орчин бий болгож, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих замаар хамтран ажиллаж, ногоон эдийн засгийг дэмжиж, инноваци, технологи нэвтрүүлнэ.
- Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах, хадгалах ажлыг эрчимжүүлж, Мазаалай, Ирвэс, Цагаан шонхор, Тул зэрэг санаачилгыг хэрэгжүүлж эхлүүлнэ. Байгаль орчныг хамгаалах чадавхи, байгаль орчны ажилтны ажиллах нөхцлийг олон улсын түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
- Хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн шилдэг туршлагаас хуваалцах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, талуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх “Нэг дэлхий форум”-ыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулна
- Эрчим хүчний хэмнэлт, ногоон технологи, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн инновацийг хөгжүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тогтвортой хөгжлийн шийдлүүдийг СО2 буюу нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он хүртэл бууруулах зорилтын хүрээнд мөнгөжүүлэн эдийн засгийг дэмжихэд хувь нэмэр оруулна.
- Олон улсын байгууллага болон бусад улсын Засгийн газартай хамтран, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих глобал асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.