Түрүү бөх тодрох магадлалтай “Ховд”-ынхон  “Сүүж”-д, Увсынхан “Харзтай”-д, Бөхбилэгтийнхэн “Өвөр Согоот”-д…

0

Жил, жилийн наадмын бөхийн барилдаан тааварлахын аргагүй болсон нь сайхан. Энэ онд Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадам тохионо.Хүчтэнүүд дор бүрнээ улсын цолонд хүрэх, цолоо ахиулах, төрийн наадмын түрүү бөх болохын төлөө наадмын бэлтгэлээ базааж байна. Энэ жилийн наадамд улс, аймаг, цэргийн болон сумын цолтой 512 бөх зодоглох учраас хоёрын даваанаас барилдаан олны анхаарлыг татах биз. Бөхийн галууд хаана төвхнөсөн талаарх мэдээллийг хүргэе.Ховдын бөхчүүд уламжлал ёсоороо “Сүүж”-д бэлтгэлээ базааж байна.

103 жилийн ойн наадмын гол фаворитууд энэ галд бэлтгэлээ базааж буй. Тэр нь Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, манлай заан Б.Пүрэвсайхан нар юм. Мэдээж тэдэн дээр уран барилдаанаараа бөх сонирхогчдыг суудлаас нь өндөлзүүлж чаддаг бие жижиг ч бэлчээр томтой харцага Г.Ганхуяг “Их гурвал”-тайгаа нэгджээ. Түүний хувьд “Нэгдэл” клубт харьяалагддаг ч наадмаар аварга, заануудаа барааддаг уламжлалтай. Түүнчлэн залуу начин Б.Сосорбарам, хэдхэн хоногийн өмнө цолоо нөхөж авсан улсын начин Б.Баянмөнх нар цолоо батлахаар бэлтгэлдээ гарсан байна.Мөн улсын харцага Н.Батзаяа, начин Ч.Цогбаяр нар наадамд зодоглохоор нутгийн бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарсан сурагтай. Улсын цол горилж яваа аймгийн арслан цолтой нэлээд хэдэн бөх энд галд бий. Аймгийн арслан М.Баяржавхлан, Г.Дармаажанцан, Ц.Төмөрцоож, У.Батцоож тэргүүтэй зэрэг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 50 орчим бөх улсын заан Ц.Мягмарсүрэн, харцага Г.Алтангэрэл нарын удирдлагад бэлтгэлээ базааж байгаа юм. “Ховд” дэвжээний бөхчүүд өнгөрсөн баасан гарагт галын бэлтгэлээ албан ёсоор нээсэн аж.“Бөхбилэгт” дэвжээнийхэн “Өвөр Согоот”-ын амандУлсын баяр наадмын түрүү бөхөөс нь допинг илэрсэн Архангайн “Бөхбилэгт” дэвжээнийхэн ундарга сайтай. Тус дэвжээний залуу бөхчүүд энэ сарын 10-нд, улсын цолтнууд 15-наас наадмын бэлтгэлдээ нэгдсэн байна. Тэд уламжлал ёсоороо Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өвөр Согоот”-ын аманд бэлтгэлдээ гарчээ. Тэнд “Бөхбилэгт” дэвжээнийхэн бэлтгэлийн баазтай болсон юм. Улсын арслан Р.Пүрэвдагва, шинэхэн заан С.Сүхбат, улам өрнөх харцага Б.Зоригтбаатар, харцага О.Мөнх-Эрдэнэ, начин Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Мөнхжаргал, Г.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь тэргүүтэй 40 гаруй бөх улсын гарди Д.Рагчаа, начин Ч.Ганзориг нарын удирдлагад бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн дархан аварга Г.Өсөхбаяр ч бэлтгэл хийж буй сураг дуулдав. Улсын цолонд ойрхон 5-6 бөх энэ галд бий. Түүнчлэн аймгийн наадамд дээгүүр барилдах магадлалтай хэд хэдэн сумын заан байна. Наадамчин олны дунд ам дамжин ярьж буй нэг бөх нь улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар. Түүнийг энэ жил онцгой байгаа хэмээж байна. Түрүүлж мэдэх таван бөхийн нэгд зүй ёсоор тооцож байгаа юм. Түүнчлэн улсын заан С.Сүхбатыг нөхөж авсан цолоо батлах, харцага О.Мөнх-Эрдэнийг цолоо ахиулахын дээгүүр даваанд барилдах зорилготой.“Увс нуур” дэвжээнийхэн Харзтайд төвхнөжээДаян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нараар ахлуулсан “Увс нуур” дэвжээний бөхчүүд “Харзтай”-д наадмын бэлтгэлээ базааж байгаа аж. Хэзээнээсээ л наадамд дээгүүр даваанд үзэж, бөх сонирхогчдын дунд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Увс нуур” дуу эгшиглэх үү, эсвэл өөр дуу эгшиглэх үү гэх яриаг гаргаж чаддаг тэд энэ удаа 60 гаруй бөхтэй бэлтгэлээ эхлүүлсэн байна. Жилээс жилд өргөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ базаадаг энэхүү галыг улсын гарди Ө.Бат-Орших, уран барилдаант харцага Т.Баасанхүү, начин Ж.Ням-Эрдэнэ тэргүүтэй улсын цолтнуудаас гадна цолонд ойрхон яваа аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, Л.Энхсаруул, хурц арслан Ц.Мөнхбаяр нар бэлтгэлд гарчээ. Түүнчлэн аймгийн цолонд ойрхон сумын цолтнуудаас Баруунтурууны Э.Ганболд, Түргэний Б.Цагаанбанди тэргүүтэй заанууд бий.Улсын наадамд аварга цолны зангараг харуулж чаддаг даян аварга Н.Батсуурь дархлахын төлөө зодоглоно. Тэрээр энэ наадамд түрүүлэх тааварт яваа эхний таван бөхийн нэг юм. Харин хэзээнээс ёс жудгаараа алдартай С.Мөнхбат аварга наадамд зодоглохгүй гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй. Тэрээр “Би энэ жилийн наадамд барилдахгүй байя гэж бодож байна. Гэхдээ надад бэртэл гэмтэл байхгүй. Бэлтгэл дутуу байна. Тавын даваанд тахим буулгаад, нутгийн дүүгээ үнсээд байвал хэдэн ч жил үнсэхээр байна. Гэвч ингэх шаардлагагүй. Аварга хүн ард түмнээ хүндлээд, баясгаад наадамд гарах нь мэдээж гоё. Гэхдээ үзүүр, түрүү булаалдах сэтгэл зүйгүй бол, хүмүүс ч тэгэж харахгүй бол барилдаад хэрэггүй. Би гурван хүүтэй. Бөх болгоно гэж бодож байгаа. Тиймээс аав нь унаж харагдаад, хэн нэгнийг үнсэж явуулаад байвал муухай” гэсэн юм.Баян-Өлгий, Говь-Алтайн хүчтэнүүд Увсынхантай хаяа залгав

undefined

Сүүлийн 10-аад жилийн хугацаанд Увс, Баян-Өлгий, Говь-Алтайн хүчтэнүүд Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайд хаяа залган бэлтгэлээ хийсээр ирсэн. Энэ жил ч гэсэн бүгд тус газартаа наадмын бэлтгэлд гарчээ. “Хантайшир” дэвжээнийхэн “Өгөөмөр” амралтын газарт 40 гаруй бөхтэй наадмын бэлтгэлээ базааж байна. Энд улсын гарди Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Соронзонболд, начин Б.Суманчулуун, Ш.Шинэбаяр, Л.Цэрэнтогтох, Б.Хишигбаатар тэргүүтэй улсын цолтнууд галаа ахалж байгаа бөгөөд тэднийг С.Багахүү начин удирдаж байгаа юм. “Хантайшир”-аас улсын цол горилж буй 10-аад аймгийн арслан бий. Тэднээс өнгөрсөн улиралд бөхийн өргөөнд хамгийн сайн барилдсан нь аймгийн арслан Т.Сайханжаргал, Д.Эрдэнэтулга, Ж.Алтаншагай нар юм. Мэдээж залуу арслан Я.Бумбаяр, Э.Дашдэмбэрэл нарыг онцлох нь зүйн хэрэг. Үүнээс гадна хурц арслан Д.Тангад, Э.Даваажаргал, аймгийн арслан Б.Отгонбаатар нар улсын цолны төлөө сүүлчийн гэж хэлж болох дайралтаа хийнэ. Тэгвэл бөхийн өргөөнд тун сайн барилдсан аймгийн харцага Г.Гантулга цолоо ахиулах нь дамжиггүй биз. “Хантайшир”-ын хүчтэнүүд энэ сарын 30-нд галын сорилго барилдаанаа хийх төлөвтэй байна.Улсын заан Б.Серикээр ахлуулсан “Өлгийн хүчтэнүүд” Эрдэнэ сумын нутагт бэлтгэлдээ гарсан. Б.Серикийн хувьд заан цолонд хүрснээсээ хойш хоёр жил галаа ахлан бэлтгэлд гарч байгаа нь энэ. Баян-Өлгий аймгаас төрсөн хамгийн том цолтой бөхийн хувьд багагүй хариуцлага үүрч яваа нэгэн. Улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцолоос эхлээд 40 бөх бэлтгэлд гарчээ. Ер нь сүүлийн жилүүдэд тэд олуулаа нэгдэж, бэлтгэлээ базаах болсон. Энэ нь ч үр дүнгээ өгч, бөхчүүдийн амжилт, барилдааны чанар үлэмж нэмэгдсэнийг онцлох нь зүйтэй болов уу. Энэ жилийн хувьд аймгийн хурц арслан М.Еркебулан, У.Береке, аймгийн арслан Б.Төмөрбаатар, Т.Эрболат, Э.Тамираа, аймгийн заан Е.Көптелик нар улсын цолны төлөө барилдана. Ялангуяа аймгийн хурц арслан М.Еркебулан наадмаас наадмын хооронд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд онцгой сайн байсан юм. Тиймээс тэр улсын цолонд ойрхон бөхчүүдийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байна.“Их богд”-ынхон “Найрамдал”-даа

undefined

Баянхонгор аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлээ тусдаа базаадаг болоод даруй 10 жил болжээ. Өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, начин Э.Батмагнай, цэргийн арслан Ц.Жамбалдорж тэргүүтэй 20 гаруй бөх Баянхонгор аймагтаа наадмын бэлтгэлээ базааж байгаа аж. Тэднээс цэргийн арслан Ц.Жамбалдоржийг энэ жил дутуугаа гүйцээх болов уу гэсэн таамаг бий. “Хонгор нутаг”-ийнхан сүүлийн хоёр жилд нутагтаа бэлтгэл хийх болсон юм. Үүнээс өмнө “Сүүж”-д төвхнөж байлаа.Тэгвэл улсын харцага Д.Батболд, начин Ж.Чулуунбат, аймгийн арслан Д.Энхбат нараар удирдуулсан “Их богд” дэвжээ болон “Нэгдэл” клубийн бөхчүүд “Найрамдал” дахь бэлтгэлийн бааздаа төвхнөв. Дээрх хоёр бөхийн гал өнгөрсөн жилээс хамтдаа бэлтгэл хийдэг болсон юм. Энд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Ш.Пүрэвгарьд, начин Ө.Батзул тэргүүтэй 30 гаруй бөх бий. “Нэгдэл” клубт чөлөөт бөхөөр хичээллэдэг 10 гаруй бөх байдаг. Тэднээс улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, начин Ө.Батзул, аймгийн арслан Ч.Алтангэрэл, заан С.Ган-Эрдэнэ нар “Найрамдал”-д гарч байна. Ч.Алтангэрэл, С.Ган-Эрдэнэ нарын барилдаан эрс сайжирсан бөгөөд улсын цолонд хүрэх магадлалтай. Харин үнэн зоригт харцага Н.Золбоо цолоо ахиулах найдвар байна. “Нэгдэл”-ийн хүчтэнүүдээс улсын харцага Г.Ганхуяг “Сүүж”-д Ховдын бөхчүүдтэйгээ, начин Д.Хүдэрбулга Төв аймагт нутгийнхаа бөхчүүдтэй, хурц арслан  Н.Өсөхбаяр “Төр хурах”-д, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ улсын шигшээ дээр олимпын бэлтгэлтэй байгаа юм. “Нэгдэл”-ээс хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар улсын цол горилж байна.Бугын сангийн аж ахуйд гурван дэвжээний бөхчүүд бэлтгэлээ жигдэлж байнаБугын сангийн аж ахуйг бөхчүүдэд ээлтэй гэлцдэг. Энд бэлтгэлд гарсан олон бөх улсын цолонд хүрч, есөн хөлт цагаан тугийг таваас дээш удаа тойрсон байдаг. Энэ жилийн хувьд Булган аймгийн “Булганхан” дэвжээнийхэн улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж нарын удирдлагад, улсын арслан Б.Ганбаатараар удирдуулсан Өвөрхангайн “Их монголын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөхчүүд нийлсэн 80 гаруй бөх бэлтгэлээ базааж байна.Улсын шинэ арслан Ц.Бямба-Отгон, харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном, начин Э.Сумъяабат, Х.Цогтгэрэл, Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл тэргүүтэн наадмын бэлтгэлээ жигдэлж байгаа юм. Д.Амарсайхан начин болон Б.Цэдэнсодном харцага нарыг дээгүүр даваанд гарч барилдах болов уу гэсэн таамаг бий. Түүнчлэн улсын цолонд ойрхон хэд хэдэн бөх байна.Түүнчлэн Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд нутагтаа “Баруун дэлгэрийн ам”-нд баяр наадмын бэлтгэл хийж байгаа юм. Тэднийг улсын заан Б.Батмөнх, өсөх идэр начин Ч.Батчулуун нар ахалж, Ө.Даваабаатар харцага удирдаж байна. Тэгвэл улсын аварга Г.Эрхэмбаяр “Сүлд” спорт хорооны бөхчүүдийг ахлан уламжлал ёсоороо “Төр хурах”-ын аманд бэлтгэлдээ гарчээ. Улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар энд бий. Түүнчлэн Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээнийхэн аваргын удирдлагад бэлтгэл хийж байна. Харин Завханы “Даян” дэвжээний бөхчүүд “Сүүж”-д, Дундговийнхон нутагтаа, И.Доржсамбуу гарди, И.Ёндонсамбуу начингаар ахлуулсан “Булганхангай”-н бөхчүүд Булган аймагтаа тус тус бэлтгэлээ базааж байгаа мэдээлэл байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *