“АН ялбал Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болно”
Л.Гантөмөр “Би Ерөнхий сайд болбол Их тэнгэрт амьдрахгүй. Гэрээсээ ажилдаа явна” гэж ярьсны дараа нийтлэлч Баабар “Эхлээд архины эмчилгээнд хамрагд” гэж зөвлөсөн нь бий. Эл мөрөөдлийн дараах ичгүүртэйхэн “шүлсдэлт” дарагдаж амжаагүй байтал Ц.Элбэгдорж клбб хауст бурж байхдаа ам нь халж, “Ардчилсан нам ялбал би Ерөнхий сайд болно” гэх ухааны юм ярьжээ.
Ер нь их ам нь халдаг хүн л дээ. Жишээ нь, төрийн тэргүүн атлаа улсаа тэтгэдэг ганц үйлдвэрээ “сахал” Д.Эрдэнэбилэгт шилжсэний дараа “Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан “Эрдэнэт” үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн” гэж онцолж байв. Түүнийгээ өнгөрөгч хавар “Амны алдаа, андуурч хэлсэн” гэж цайруулсан.
Үнэндээ бол хөшигний ард Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож, хариуд нь түүнд “Эрдэнэт” үйлдвэрийг Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзах шийдвэрийг УИХ-аар оруулахгүй шийдэх тулгалт хийсэн л операц юм. Үүнийхээ дараа олон нийтийн дунд бөөн шүүмжлэл үүсэхэд нь Д.Эрдэнэбилэгийг өмөөрч “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Нөөц нь дууссан” гэх утгаар чуулганы индрээс үг хэлж байв. Логик утгаараа, үүнд ямар ч амны алдаа байх боломжгүй. Лоббинд өртсөнөө л илчилсэн хэрэг байв.
Үүний нэгэн адилаар клаб хауст удтал ярихдаа Ардчилсан намын дарга мэтээр аашилж, Засгийн газар тэргүүлэх хэмжээнд асуудлуудыг томруулж ярьжээ. Ерөөсөө Ц.Элбэгдоржийн үндсэн маневр нь энэ. Нэг шунаж, тэмүүлсэн эрх ашгаа маш ихээр энгийнчилж, давтамжтай удаанаар бусдад нөлөөлөхүйц ярьсаар л байдаг.
Саяхан АН-ынхан дотроосоо нэгнийгээ хорлохдоо Л.Гантөмөрийн ба Х.Баттулгын тэргүүлэх Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын нэрийг хоёр янзаар гаргаж тавьсан. Үүнийг баганачилж харвал, Л.Гантөмөрийн тэргүүлэх Засгийн газарт Ц.Элбэгдоржийн хүмүүс болох Б.Хурц, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Ц.Уянга нарын олон нийтэд жинхэнэ ад шоо бологсдыг багтаасан байв.
АН-аас Засгийн газрын бүтэц зурсан уг хоёр өөр нэрсийг “Худал мэдээлэл” гэж үгүйсгэсэн. Гэсэн хэдий ч АН хэрвээ сонгуульд ялбал нэг талд нь Х.Баттулга, нөгөө талаас Ц.Элбэгдоржийн хүмүүс огтлолцож, хоёр янзын эрх ашиг тулах нь ингэж тодорхой болсон юм.
Эдний дундах Л.Гантөмөр бол хэдийнэ тоглоомын хүүхэлдэй болчхоод байна.
Тойргийн мандат, жагсаалтын дэслэл дээр тэр Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн тэлсэн, тэлээлсэн их хүслүүд дунд баахан гүйсэн. Сурталчилгаа эхлэнгүүт цугларсан жаахан мөнгийг өнөөх тэлж, тэлээлж гүйсэн дарга нь хав дараад хэвтчихсэн. Өөр олсон ашиг, хожсон хожил Л.Гантөмөрт алга.
Сурталчилгааны явцын судалгаагаар АН, ХҮН нам хоёр рейтингээрээ зэрэгцэж, намын дарга нарын үнэлэмжээр тэр Т.Доржхандаас сүүлдэж, Л.Оюун-Эрдэнээс 2.5 дахин доогуур үнэлэмжтэй гарчээ. Дээрээс нь МАН-д ч, АН-д жагсаалтад багтаж, парламент руу орсон гишүүнд сайдын суудал өгөхгүй гэдэг тохироо дотооддоо хийгдсэн.
Эл логикуудаар ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлэх жишгээр бол МАН дээр тойрогт өрсөлдсөн Л.Оюун-Эрдэнийн нэр гараад ирэхэд асуудалгүй. Харин жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Л.Гантөмөр хүртэхэд намын дотоодод ч, олон нийтэд ч баахан хачирхалтай, үл хүлээн зөвшөөрөгдөхөөр дүр зурагтай байна.
Эл үүлэн чөлөөний боломжийг Ц.Элбэгдорж, ам халсан мэтээр л энгийншүүүлж, өөрийгөө шидэж яваа нь клаб хаус дахь яриа юм. Тэр ерөөс амны алдаа хийдэггүй, тэмүүлж буй эрх ашгаа л энгийншүүлж ярьдаг хүн билээ.
Ерөөс АН-ынхны дотроосоо гаргаж ирсэн зураглалаас харахад ч тэр, Л.Гантөмөр Засгийн газар тэргүүллээ ч түүний ар дахь эзэн нь Ц.Элбэгдорж л байх юм.
Клаб хауст ярьсан ам халалтаар бол Ц.Элбэгдорж бүр Л.Гантөмөрөөс үл хамаарч, Засгийн газар тэргүүлэх зураглалаа хийчихсэн гэлтэй. Хэрэв зээ түүний мөрөөдлөөр, Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар үүслээ гэхэд баруунд очоод, тусгаар улсаа мөнхийн хоёр хөршөөс нь баахан холтгочих, холхилзуулчихсан экс Ерөнхийлөгчөөр Орос, Хятад монголыг төлөөлүүлж харна. Үүсэх хор чанар нь асар их.
Түүнчлэн одоо жаахан салхи орж, ичих эмээх сэтгэгдлээ авч буй шүүх засаглалынхан, 30 гэр бүл дамнасан гэх цөөн хэдхэн бийлэгчүүдэд учиргүй их ашигтай томилгоо болох нь тодорхой.
Ер нь Монгол Улс шиг цөөн хүн амтай, танилын сүлжээ өндөр улс төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдээ уг албан тушаалаа өгснийхөө дараа юу хийж болохыг хуульчилж өгмөөр. Ийм ан цаваар нь тэд эргээд өндөр нөлөөллөө хэрхэн бүлэглэлүүдийн төлөө ашиглаж байгааг хязгаарлах хэрэгцээ харагдсаар байгаа юм. Үүний тод жишээ нь, Ц.Элбэгдоржийн улсдаа учруулж буй одоогийн хор хөнөөл билээ.