Монгол улсын цахим шилжилт цаашид ТХХТ-д тулгуурлан явуулах ёстой
Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын “Төрийн үйлчилгээг илүү хурдан” болгох зорилтын хүрээнд “Gerege Systems” компани #Хурдан киоскийг бий болгож, сүүлийн 2 жил хамтран ажиллаж байна. Анх л “e-Mongolia” үүссэн цагаас хойш л бид бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж ирсэн.
Иргэдийнхээ амьдралын түвшин, амьжиргааны байдлыг бас сайн мэддэггүй, төрийн үйлчилгээг бүх л хүн гар утаснаас,”e-Mongolia” апп-аас авчих юм шиг боддог улс төрчид байсаан. 7 удаа хамтран ажиллах албан бичиг өгөөд ч салбарынхаа технологийн компаниудыг үл тоодог дарга нартай ч бид нүүр тулж байсан.
e-Mongolia-г “Гэрэгэ Киоск” дээр гаргах санал гаргахдаа бид төрөөс нэг ч төгрөг хүсээгүй. ТХХТ-ийн хүрээнд харилцан ашигтай, орлого хуваалцах зарчмыг л ярьж ирсэн. Харин энэ саналыг хүлээж авсан анхны салбарын шийдвэр гаргагч, сайд хүн нь Н.Учрал байсан юм.
Учрал сайд ажлаа авсаны дараахан технологийн компаниудын удирдлагуудыг цуглуулж, өөрийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Ингэхдээ, төр цаашид Эстонийн загвараар дижитал улс болох энэ алсын хараагаа хэрэгжүүлэхдээ төр өөрөө нэг ч систем бүтээхгүй, 100% хувийн хэвшилтэйгээ ТХХТ \Төр Хувийн Хэвшлийн Түншлэл\-ийн хэлбэрээр хамтран ажиллана гэдгээ ч илэрхийлсэн юм.
Бид сайдад нөгөө л “e-Mongolia”-г Гэрэгэ Киоск төхөөрөмж дээр гаргах саналыг тавихад “Танай компани харин “ХУРДАН КИОСК” гаргавал ямар вэ?” гэсэн саналыг бидэнд эргээд тавьсан юм. Ингэж бидний “ТҮЦ машин”-аа өөрсдөө хийхсэн” гэсэн мөрөөдөл маш богино хугацаанд биеллээ олсон юм.
Н.Учрал сайд “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” батлуулж, олон олон технологийн компаниуд төртэй олон улсын бизнес загвараар хамтран ажиллах, орлого хуваах боломжийг бий болгож буйгийн эхний түүчээ төслүүдийн нэг нь “ХУРДАН Киоск” юм. Манай компаниас гадна үйлчилгээ нь олонд түгсэн, бүтээгдэхүүнээ зах зээлд танилулж чадсан олон ч технологийн компани ТХХТ-ийн хүрээнд Н.Учрал сайдын үед төрийн байгууллагуудтай хамтран ажиллаад эхэлсэн байна.
Өнөөдөр улсын хэмжээнд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 500 “ХУРДАН КИОСК” нэмж тавигдаж буй бөгөөд нийт 800 гаруй “Гэрэгэ” болон “ХУРДАН” киоскууд орон даяар, ялангуяа алслагдсан хороо, сум, суурийн газруудад ажиллаж, иргэдэд ХУРДАН төрийн үйлчилгээг улам ойртуулсаар байна. Шинэ “ХУРДАН” киоскууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч өөрөө өөртөө үйлчлээд, хэрэгтэй лавлагаагаа авах боломжийг бид бүрдүүлж байгаа юм.
Инженер хүний хувьд би хоосон ярьдаг хүнд дургүй. Мөн мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьдаг хүнд бүр ч дургүй. Харин Н.Учрал сайдын хувьд бол хэлсэн ярьснаа яс хийдэг, хэлсэндээ байдаг, өөрөө технологийн мэргэжлийн хүн биш учир мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахдаа цааргалдаггүй, технократ, мэргэжлийн хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, тэднээсээ зөвлөгөө авч хамтран ажиллаж чаддаг ийм л удирдагч хүн. Хамгийн гол нь энэ хүн хувийн хэвшлийн компаниудаа сонсож, тэднийгээ түшиглэн ажиллаж чаддаг нь энэ салбарыг илүү ХУРДАН хөгжүүлэх гол хөшүүрэг болж байгаа юм. Үүн дээр ч бид санал нэгдэн салбарынхаа хөгжлийн төлөө хамтран ажилладаг.
Цаашид миний бие улстөрд орсон тохиолдолд нам харгалзагүйгээр Мэдээллийн Технологийн салбарын хөгжлийн төлөө Н.Учрал зэрэг улстөрчидтэй хамтран ажиллаж, Монгол орны ирээдүйн нүүр царай болох энэхүү салбарын хөгжлийн төлөө тууштай хамтран ажиллах болно.