СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН АЛДААГ ЗАСАХ ГЭЖ СИСТЕМИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙГААГ ДУНДГОВЬЧУУД САЙШААЖ, БАГААР НЬ ДЭМЖИНЭ ГЭВ
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцуулжээ.
Тэрбээр “Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд авлига, хулгайтай тэмцсэний дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрсэн. Тоо худлаа хэлдэггүй. Та бүхэн бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголт юм шүү” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар нэр дэвшиж байна.
Сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж, хөгжлийн чөдөр тушаа болсон олон зүйлийг өөрчлөхийн төлөө зоригтой, хурдтай ажиллаж буй Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн төлөө нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ Дундговьчууд илэрхийлж байв. Мөн Ерөнхий сайдыг цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа Боомтын сэргэлтийг санаачлан эхлүүлснийг иргэд сайшааж, говь нутгийн хөгжлийн төлөө багаараа нэг сэтгэлтэй ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа.
Дундговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 303.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал өрхийн эмнэлгийн өргөтгөл, Хулд сумын эрүүл мэндийн төв, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын инженерийн дэд бүтэц, Сайхан-Овоо сумын хүүхдийн сургууль, Адаацаг сумын сургуулийн спорт заал, Гурвансайхан, Луус сумын хүүхдийн дотуур байр, аймгийн төвийн 2-р цэцэрлэг, Дэлгэрцогт сумын цэцэрлэг, Өлзийт, Эрдэнэдалай сумын Соёлын төв, аймгийн төвийн цахилгаан станцын хуваарилах сүлжээний шинэчлэл, Мандал дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулж, бусад төслийн ажил эхэлсэн байна.
Харин ирэх дөрвөн жилд Өрнө-Дорно, Өмнөд-Умардын орнуудын авто замын сүлжээнд холбогдох говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 130 км төмөр зам, аймгийн төвд шинэ дулааны станц барьж, хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаар Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мөн мянганы төмөр замын хэсэг Мандалговь-Чойр чиглэлийн 180 км төмөр замыг барьж, хүрэн нүүрсийг Бичигт боомтоор гаргахаар төлөвлөж байна.