ЗАРДЛЫН ТАЙЛАН: МАН 3.6 тэрбум төгрөгийн хандив авч, 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвслийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг танилцуулъя.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.5, 38.13-т заасан мэдээллийг дүгнэлт гаргаж дууссан өдрөөс эхлэн, 58.4-т заасан мэдээллийг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно” гэжээ.
Мөн “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
Энэ дагуу Төрийн аудитын байгууллагад ирүүлсэн нам, эвслийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг мэдээлэв. Намууд энэ сарын 24-нд Үндэсний аудитын газарт тайлангаа хүргүүлжээ.
Эрх баригч МАН-ын дансанд энэ сарын 5-наас хойш нийт 3.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 2.4 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ.
Намын өөрийн хөрөнгө – 0
Хуулийн этгээдийн хандив -1.4 тэрбум төгрөг (49 ААН тус бүр 30 сая төгрөг)
Иргэдийн хандив -2.1 тэрбум төгрөг (215 иргэнээс)
Сонгуулийн зардал -2.4 тэрбум төгрөг
Үлдэгдэл -1.1 тэрбум төгрөг
Буцаасан хандив – 30 сая төгрөг
МАН-д хандив өгсөн иргэд, хуулийн этгээдийн жагсаалтыг эндээс үзнэ үү.
49 дүгээр зүйл.Сонгуулийн зардал
49.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид “сонгуулийн зардал” гэх/ гаргана.
49.2.Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:
49.2.1.хандив;
49.2.2.намын өөрийн хөрөнгө;
49.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.
49.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.
49.4.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.
50 дугаар зүйл.Сонгуулийн зардлын дээд хэмжээ
50.1.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.
50.2.Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагад үндэслэнэ. Аргачлалыг төрийн аудитын дээд байгууллагын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална.
50.3.Энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээг дараагийн ээлжит сонгууль хүртэл мөрдөх бөгөөд хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол нөхөн, ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн тогтоож, нийтэд мэдээлнэ.