Д.Амарбаясгалан: МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа хамтарсан засгийн газар байгуулах асуудал яригдаж эхэлнэ
МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа хамтарсан засгийн газар байгуулах асуудал яригдаж эхэлнэ гэж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хамтарсан засгийн газар байгуулах талаар одоогоор хэлэлцэж ярилцаж эхэлсэн зүйл алга. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч маргааш анхдугаар чуулган хуралдахаар болж байна.
УИХ-ын гишүүдийн тангаргийн өргүүлсний дараа УИХ-ын дарга, дэд дарга, намын бүлгүүд, байнгын хороод байгуулах ажлууд үргэлжлээд явна. Үүний дараа Засгийн газар хэрхэн яаж бүрдэх вэ гэдэг асуудал яригдана. Энэ сонгуулийн тогтолцоо нь өөрөө олон намын оролцоог хангахад чиглэсэн тогтолцоо юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ч олон намыг парламентад оруулах боломжийг бүрдүүлнэ. Цаашдаа зөвшилцлийн парламент бий болно. Төрийн тогтвортой байдал, улс орны хөгжлийн бодлогыг илүүд үзнэ гэж манай намаас санал санаачилга гарган хийсэн. Үр дүн ч сайн гарч ирлээ. Ард түмний бүх төлөөллийг хангана. Ард түмний санал гээгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн зорилго хангагдлаа. Төр засаг улс төрөөс илүүтэйгээр зөвшилцлийн улс орны хөгжил дэвшил, том бүтээн байгуулалтыг авчирах боломжоо өмнөө тавих ёстой гэсэн байр суурьтай явж байгаа.
Маргааш парламент байгуулагдсаны дараа МАН-ын удирдах бүрэлдэхүүн хуралдаж, парламентад суудалтай улс төрийн намуудтай уулзалт хийж ярилцсаны үндсэн дээр хамтарсан засгийн газар байгуулагдах уу, дангаараа засгийн газар байгуулагдах уу гэдэг асуудал эцэслэгдэн шийдэгдэнэ гэв.