МАН шинэ Засгийн газрыг төвхнүүлэх ажлын хэсэг байгуулав

0

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.02/ хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар тус намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар мэдээлэл өглөө.

Нэгдүгээрт, УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах, хоёрдугаарт, УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясганг сонгосон томилгоог хэлэлцлээ. Гуравдугаарт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасантай холбоотойгоор түүний оронд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

Дөрөвдүгээрт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулсантай холбоотой бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх. Дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний талаар бусад нам эвсэлтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтууд байгаа. Баялгийн сан, орон сууцжуулах хөтөлбөр, авлигатай тэмцэх ажиллагаа, хүний эрхийг хангах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийг дэмжих гэх мэтчилэн томоохон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад намуудтай санал солилцох үүрэг чиглэлийг ажлын хэсэгт өгсөн. Мөн энэ удаагийн парламентад таван нам, эвсэл орсон байгаа. Тус бүрдээ мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Ард иргэд намуудын мөрийн хөтөлбөрийг үзэж судалж саналаа өгсөн. Тэгэхээр хэрэгжүүлэх боломжтой мөрийн хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах томоохон зорилтуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах хүрээнд зөвшилцлийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тодорхой хугацаанд зөвшилцлийн ажлууд явагдана. Үүний дараа Засгийн газар, бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ.

Наадмаас өмнө УИХ-ын анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Гэхдээ таван нам, эвсэл учир зөвшилцөхөд хугацаа шаардлагатай. Зөвшилцөл хийгээд амжилттай болбол хамтарч ажиллах асуудал яригдана. Тэгсэн тохиолдолд МАН-ын бага хурал хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *