Илейн Конкиевич: НҮБХХ жендэр, дижиталчлал, тогтвортой санхүүжилтийн чиглэлд Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

0

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 9-нөөс томилогдон ажиллаж байгаа хатагтай Илейн Конкиевич Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.

-Сайн байна ууБидэнд цаг гарган МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгч буй Танд баярлалаа. Ярилцлага эхлэхээс өмнө Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Илейн Конкиевич гэдэг. Би НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр гурван жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өмнө нь би Казахстанд төвтэй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Төв Ази дахь төлөөлөгчөөр таван жил ажилласан. Мөн Балкан, Зүүн Европ, Кавказ, болон Төв Азийн орнуудад засаглал, хүний эрх, хуульт ёс, жендэрийн тэгш байдлыг хангах, ардчилсан институцийг төлөвшүүлэх, зөрчилдөөн шийдвэрлэх, мөн дипломат харилцааны чиглэлээр 30 орчим жил ажилласан туршлагатай.

-НҮБХХ-ийн Монгол дахь үйл ажиллагаа болон тус байгууллагын манай улс дахь түүхийн талаар Та манай уншигчдад товч танилцуулбал?

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад тавь гаруй жил хэрэгжиж байна. Бидний албан ёсны хамтын ажиллагаа 1976 онд эхэлсэн ч үүнээс өмнө бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Өдгөө бид Монгол Улсын төр засаг болон иргэдийн урт хугацааны итгэлт түнш болж чадсандаа баяртай байдаг. НҮБХХ нь 1990-ээд оны ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн үе болон бусад олон чухал цаг үед Монгол Улсад хөгжлийн дэмжлэг үзүүлж ирсэн. Одоогоор бид засаглал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Бид олон жилийн хамтын ажиллагааны хүрээндээ Онцгой байдлын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн нэн чухал байгууллагууд мөн “Говь” ХХК болон “Хас банк” зэрэг хувийн хэвшлийн томоохон компаниудыг үүсгэн байгуулагдахад бодит дэмжлэг үзүүлж чадсандаа таатай байдаг. Мөн бид сүүлийн жилүүдэд томоохон хууль тогтоомжууд болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Генетик нөөцийн тухай хуулийг батлагдахад тухай бүрд нь дэмжлэг үзүүлсэний зэрэгцээ төрийн албаны шинэчлэлийн ажлуудыг дэмжин ажиллаж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол Улс дахь үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд тэр дундаа “Алсын хараа 2050”, мөн НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдаа бүхий НҮБХХ-ийн 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд явагддаг.

-НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бол Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллага, олон талт хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг бусад түншүүдтэй зөвлөлдөх замаар таван жил тутамд боловсруулж баталдаг НҮБХХ-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг гол баримт бичиг л дээ. Мөн хугацааныхаа туршид тухайн улс орны өөрчлөгдөж буй хөгжлийн хэрэгцээ, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг.

Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурлаар 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар соёрхсоны дагуу батлан энэ онд хэрэгжүүлж эхлээд байна. 

-Баярлалаа. Тэгвэл 2017-2022 онд танай байгууллагын гаргасан гол үр дүн, ололт амжилтууд юу байв?

-2017-2022 оны НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд бид  хүртээмжтэй ба тогтвортой хөгжил, оролцоотой мөн хариуцлагатай засаглал зэрэг үндсэн чиглэлүүдэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн манлайлал дор, НҮБ-ын ТХЗ-ын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран боловсруулсан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо, стратеги, болон дагалдах арга хэрэгслүүд нь бидний томоохон амжилтуудын нэг юм. Тогтвортой хөгжлийн үндэсний хороогоор дэмжигдээд байгаа энэхүү стратегийг бид Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан бид Европын Холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн салбарт онцгой анхаарал хандуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг яамдын түвшинд нэвтрүүлэхэд, тэр дундаа урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө болон төсөвлөлтийг үр дүнтэй уялдуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг хурдасгахад чухал ач холбогдолтой.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, аймаг, орон нутгийн иргэдийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх мөн тогтвортой амжиргааг дэмжих хүрээнд Уур амьсгалын ногоон сан болон Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэг дор бид олон ажил хийж байна. Онцлон дурдваас бид уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг 6 аймагт анхлан хийгээд байгаагаас гадна, Байгалийн нөөц ашиглалтын хуулийн хэрэгжилтийг дэмжих замаар Монгол орны биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байна.

Засаглалыг дэмжих чиглэлд бид Швейцар Улсын дэмжлэгтэйгээр аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чадамж, чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилласны зэрэгцээ Канад Улсын дэмжлэгтэйгээр төрийн албаны шинэчлэлийг, тэр дундаа, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлтэд боловсон хүчнийг сонгон шалгаруулахдаа меритэд суурилсан зарчмыг баримтлах мөн төрийн албан дахь эмэгтэй удирдагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж, өнгөрсөн оны байдлаар төрийн албан дахь эмэгтэй удирдагчдын тоо 8.6 хувиас 21 хувь болж өссөн таатай үр дүн гараад байна.

Бид мөн жендэрийн тэгш байдал, дижиталчлал зэрэг олон салбарыг хамарсан гол асуудлуудад төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн “Акселератор Лаб”-аараа дамжуулан эмзэг бүлгийнхний дижитал бичиг үсгийн боловсрол, хог хаягдлын менежментийн систем зэрэг хөгжлийн нарийн, төвөгтэй асуудлуудад инновац ба дижиталчлалд суурилсан шинэ шийдлүүдийг санал болгон ажиллаж чадсан. Мөн “Ковид-19” цар тахлын үеэр бид Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр нийгмийн ажилтнуудыг цахимжуулах, тэдний чадавхыг сайжруулахад тусалж, нийгмийн чухал үйлчилгээг үр дүнтэйгээр хүргэх боломжийг нэмэгдүүлж өгсөн.

-Ирэх таван жилд НҮБХХ-ийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэл юу байх вэ?

-Бид ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газарт нэгдүгээрт, илүү төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжилт, хоёрдугаарт, эрсдэлийг тооцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгалийн экосистемийн тогтвортой менежмент, гуравдугаарт, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг бэхжүүлж, оролцоог хангасан хариуцлагатай засаглалыг бэхжүүлж ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гэсэн гурван үндсэн чиглэлд дэмжлэг үзүүлнэ. Энэ жил бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 онд бүрэн хэрэгжүүлэх замынхаа тэн хагаст ирээд байгааг та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс ирэх таван жилд бидний дэмжлэг ТХЗ-д хүрэхийн төлөө гаргаж буй Монгол Улсын Засгийн газрын ахиц дэвшлийг хурдасгахад чиглэнэ.

Бид инновац, шинэ шийдлүүдийг ашиглан хөгжлийн нарийн, төвөгтэй сорилтуудыг даван туулахын тулд арга барилаа өөрчилж, Портфолио буюу бие даан ажилладаг тусдаа төсөл хөтөлбөрүүдтэй байх бус тэдний хоорондын харилцан уялдаа холбоог ашиглах замаар нэгдсэн томоохон цогц үр дүн гаргахыг зорьж ажиллах юм.

-Танай байгууллагын ирэх таван жилийн тэргүүлэх зорилтууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аянтай уялдаж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 онд “Тэрбум мод ургуулах санаачилга”-ын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Үүнээс гадна, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, мөн Тогтвортой хөгжлийн санхүүжилт зэрэг бидний хийж буй ажлууд нь нийтээрээ Монгол Улсын цөлжилттэй тэмцэх, ойжуулалтыг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах талаар өмнөх Олон улсын талуудын бага хурлын үеэр хүлээсэн амлалтаа биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

-Монгол Улсад тулгарч буй гол сорилтуудыг Та юу гэж харж байна вэ, тэдгээрийг шийдвэрлэхэд НҮБХХ хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?

Монгол Улсын эдийн засаг нь олборлох үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн олон сорилттой тулгарч байна. Дэд бүтцийн хөгжилд анхаарал хандуулах, хотуудаа илүү тогтвортой хотын загварчлал руу шилжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алинд нь ашиг тустай, хүртээмжтэй хөгжлийг хангах замаар өсөн нэмэгдэж буй эдийн засгаа дэмжихдээ эрчим хүчний тэгш хүртээмжтэй шилжилтэд анхаарлаа хандуулах нь чухал. Түүнчлэн хүн амын нэлээд хувь нь эдийн засгийн боломж нөөц хязгаарлагдмал хөдөө орон нутагт амьдарч, ядуурлын түвшин хэдэн жилийн турш 27-28 хувь орчим байсаар байгаа тул ядуурлыг бууруулах асуудал ихээхэн анхаарал татаж байна. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй байгалийн гамшгууд, гадаад өрийн дарамт зэргээс гадна эдийн засгийн өсөлтөд саад болж, иргэдийн итгэлийг алдагдуулдаг авлига зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.

Цаашилбал өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал болон жендэрийн тэгш байдлыг хангах ялангуяа шийдвэр гаргах түвшинд Монгол Улсын хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл маш хангалтгүй байгаа зэрэг нь мөн шийдвэрлэх ёстой томоохон сорилт болж байна.

Бид эдгээр нарийн, төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхэд “Акселератор Лаб”-аараа дамжуулан дижиталчлал, инновац зэрэг хөгжлийн гол салбарт Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлсээр байх болно. Цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн салбарт онцгой анхаарал хандуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг дэмжих замаар нийтийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн, илүү олон эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд урт хугацааны тогтвортой албан ёсны ажлын байр олж, хөдөлмөр эрхлэх боломжийг олгоход дэмжлэг үзүүлнэ. Цаашид ч төрийн албыг бэхжүүлэх, тэр дундаа төрийн удирдах албан тушаалын эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллана гэж найдаж байна. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг татан оролцуулах нь маш чухал.

Мөн бид хувийн хэвшлийн байгууллагуудад хүний эрхийн зөв дадал хэвшилтэй болоход нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна.


Түүнчлэн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, экосистем болон байгалийн баялаг биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Энэ бүх ажлын гол үндэс суурь нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудад шаардагдах тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэхэд үзүүлэх бидний дэмжлэг байх юм.

-Монгол Улс хөгжлийн замаа хурдасгаж, ТХЗ-д 2030 онд хүрэхийн тулд ямар давуу талаа илүү ашиглах ёстой гэж Та боддог вэ?

Шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, инновац, дижиталчлалыг хөшүүрэг болгох, тогтвортой хөгжлийн төлөөх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд илүү анхаарах ёстой гэж бодож байна. Мөн Монгол Улсын анхаарал хандуулж, урагшлуулах ёстой гол чиглэлүүдийн нэг бол эрчим хүчний шилжилт юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины асар их нөөцтэй бөгөөд энэ салбарыг хөгжүүлэх нь байгаль орчинд ээлтэй төдийгүй ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тэгэхээр ирээдүйд зөвхөн эрчим хүчээр хангах биш, харин эрчим хүчний шилжилт нь тэгш, хүртээмжтэй байх явдал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэхүү шилжилтийн үр шимийг бүгд эрх тэгш хүртэж, эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болох явцад хэнийг ч орхигдуулахгүй байхаас гадна байгаль орчинд ээлтэй, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад эерэг нөлөөтэй байх тухай ярьж байгаа юм.

Эрчим хүчний шилжилтийг хүний хүчин зүйлийн өнцгөөс онцгой анхаарах хэрэгтэй. Монголчуудын хөгжин цэцэглэх, тогтвортой ирээдүйн төлөө уг эрчим хүчний шилжилт хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан бид ирээдүйд “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” нь Монгол Улсын хувьд чухам ямар ач холбогдолтой тухайд Монгол Улсын “Үндэсний хүний хөгжлийн илтгэл”-ийг боловсруулахаар ажиллаж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *