Чингэлтэй дүүргийн Засаг даргад Д.Ядамжав, Ц.Содхүү нарын 4 хүний нэр яригдаж эхэлжээ
УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүүргийн Засаг дарга нарын оронд хэн очих нь наадмын өмнөх халуун өдрүүдэд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний мэдээллүүдтэй зэрэгцсэн сэдэв болж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд очих “тулаан” тус дүүрэгт хэдийнэ эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Ядамжав, Ц.Содхүү, Л.Ариунтуяа, Х.Алтаншагай гэсэн 4 нэр яригдаж байгаа юм байна. Тэднийг нэг бүрчлэн товчхон танилцуулвал,
Д.Ядамжав 2012 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Хуульч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын туслахаар ажлын гараагаа эхэлж байсан. Тэр утгаараа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зүтгүүлж байгаа сурагтай. Чингэлтэй дүүргийн намын хорооны удирдах албан тушаалтай гэдгээрээ нэлээн магадлалтай хүний нэг.
Ц.Содхүү 2012 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Эдийн засагч мэргэжилтэй. Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Одоо Чингэлтэй дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаа. Чингэлтэй дүүрэгт хийгдсэн ногоон байгууламж, тоглоомын талбай, сагсны талбай, чулуун зам зэрэг тохижилтуудыг хийсэн. УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаярын төрсөн дүү аж.
Х.Алтаншагай 2016 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Хуульч мэргэжилтэй. Дүүргийн ахмадын амралтын газрын захирлаар ажилладаг.
Л.Ариунтуяа 2016 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар сонгогдон ажиллаж байсан. Одоо Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Мөн Хотын геодези, усны барилга байгууламж хариуцсан байгууллагын даргаар ажиллаж байна.
Ийм 4 хүн Чингэлтэй дүүргийн Засаг даргад нэр дэвшиж байгаа юм байна. Хотын дарга Х.Нямбаатар дүүргийн Засаг даргыг томилохдоо намын угшил, дэмжлэг, ар талыг нь харахаас гадна хийсэн бүтээснийг нь харгалзаж үзнэ гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Ubn.mn