Наадмын найруулагч Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээх, хаах ёслолын ерөнхий найруулагчаар ажиллаж буй “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдалтай ярилцлаа.
Тэрбээр 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан юм.
-Монгол түмний баяр цэнгэлийн манлай, Дэлхийд ганцхан монгол наадам маань эхлэх цаг ойртжээ. Дэнж хотойтол дэлгэр сайхан наадахаар наадмынхаа гоёлыг том багагүй бэлтгэж байна. Харин өнөө жилийн баяр наадмыг нээх ёслолын бэлтгэл ямар явцтай байна вэ?
-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа 95 хувьтай явж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны үзлэгт орохоор бэлтгэж байна.
-Хэчнээн уран бүтээлчид оролцох вэ?
-Энэ жилийн наадамд мэргэжлийн урлагийн уран бүтээлчид, өв тээгчид гээд нийт 1200 гаруй уран бүтээлч оролцож байна. Найруулгын хувьд, язгуур урлаг, үндэсний өв соёлыг орчин үеийн энтертайнмент урлагтай хоршуулан мюзикл хэлбэрээр үзүүлэх зорилготой ажиллаж байна.
-Та энэ жил анх удаа Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн дор найруулж буй ёслолын хамгийн гол онцлогийг та юу гэж тодорхойлж байна вэ?
-Жил бүрийн наадмын найруулагч өөр өөрсдийн найруулгын онцлогийг хөтөлбөртөө гаргахыг зорьдог. Миний хувьд энэ жилийн наадмаар үндэснийхээ язгуур өв соёлыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулж, дэлхийд өөрийн үндэсний урлагийг таниулж яваа, этно модерн чиглэлээр олон бүтээл туурвиж гадаад оронд сурталчилж яваа залуучууд болон “Хүннү рок” чиглэлийг үүсгэн дэлхийд алдаршиж яваа “The Hu” хамтлагийн бүтээлүүд, тэдний бүтээлүүдтэй дүйцэхүйц хэмжээний бүтээлүүдийг сорчлон мюзикл хөтөлбөр болгож байна. Тухайлбал, цоо шинэ хөгжим, хувцас дизайн, гар ажиллагаагүй бүрэн автоматаар үзэгдэл үзэгдлээр солигдддог тайзны шийдэл зэрэг орчин үеийн технологийг ашигласан монгол мюзикл нээлтээ хийх гэж буйгаараа онцлогтой.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд эртний хот мэт тайз чимэглэл харагдаж байна. Үлэг гүрвэл, луу ч байна. Наадамчин олонд ямар үзүүлбэрээр юуг илэрхийлэн харуулахаар бэлдэж байна вэ?
-Хөтөлбөрөө “Эх дэлхий, энх оршихуй цадиг” сэдвийн дор найруулж буй учир хүн төрөлхтөн, эх дэлхийн үүсэл хөгжилтэй монголчуудын эртний өв соёл салшгүй холбоотой. Учир нь, балар эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн ул мөр манай уудам дэлгэр монгол орны газар нутаг бүрд байдаг. Хүн чулуун дээр сийлсэн түүхэн дурсгалууд болон Хүннүгийн үеийн археологийн олдворуудаас гарч буй соёлын биет болон биет бус өвүүдийг шинэчлэн инновац, бүтээлч үйл ажиллагаагаар цоо шинэ модерн мюзиклээр харуулахыг зорьж байна. Тиймээс эх дэлхийн үүслээс эхлээд Монголын түүхэн дэх олон үйл явдал, тухайлбал, хүний үүсэл, Хүннүгийн хөгжлийн эрин үед төмөр боловсруулж байсан асар том түүхэн дурсгалын зүйл байна. Хүн төмрийг анх олж, төмрийг хэрэгсэл болгосон нь дэлхийн хүн төрөлхтний хөгжилд асар том түлхэц болсон гэж үздэг бол Монголын газар нутаг дэвсгэр дээр хүннүчүүд төмөр зэвсэг үйлдвэрлэж байжээ гэдгийг тусган харуулна.
Мөн XIII зууны үед Их Ауруг орд өргөө тухайн үедээ дэлхийн гол нийслэл хот байсан. Тэр дотроо ордны их найрал хөгжимтэй байсан. Мөн Хархорум хот одоогийн Нью-Йорк, НҮБ, ЮНЕСКО шиг дэлхийн асуудлыг шийддэг том төв цогцолбор нийслэл байсан гэдэг нь түүхэн судар бичгүүдээс нэгэнтээ ил гарч ирсэн.
Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байсан Европын хаад ноёд Хархорум хотод хуран чуулж, эртний хаадын язгуур өв соёлоос суралцаж, ордны язгуурын их найр наадам үүсгэх, ордны хаан найрал хөгжим, найрал дуу, бүжиг зэргийг XV-XYI зууны үед Европт дэлгэрүүлсэн байх магадлалтай гэсэн үзэл бодлоор манай улсад XIII зууны үед ордны асар их соёл сонгодог хэлбэрээрээ байсан гэдгийг харуулахыг зорьж байна.
-Монголчуудын түүх, нүүдэлчин соёл, эрийн гурван наадам биднийг дэлхийд сурталчилдаг. Тиймээс гадаад жуулчдад ямар ямар “бэлэг барьж” байгаа вэ?
-Эх дэлхийн байдал өнөөдөр амаргүй байгаа. Энх оршихуйн тухай бодол хүн төрөлхтний бодол эргэцүүлэл болж хувирч буй энэ цаг үед нүүдэлчин гарвалтай, эх дэлхий, байгальтайгаа хамгийн ойр байдаг монголчууд энэ сайхан монгол орондоо жуулчдыг татаж, өв соёл, энх оршихуйн цадиг дор амар амгалан байдаг газар орон шүү гэдгийг харуулахыг зорьсон. Хөтөлбөрөө таван хэлээр орчуулж, наадам үзэж буй жуулчид тасалбараа QR кодоор уншуулан өөр өөрсдийн хэлийг сонгон болж буй үйл явдлын утгыг ойлгох боломж олгож байгаа.
– Наадмыг мюзикл хэлбэрээр найруулж буй нь ч гадаадын жуулчдад таатай байх болов уу?
-Гадаад орны мюзикл бол аль ч орны үзэгч үзсэн хөгжмийн хэл хэллэгээр хэлний шаардлагагүй ойлгогддог урлаг шүү дээ. Тиймээс мюзикл хэлбэрээр явуулж байгаа учир тэр бүр олон хүн ярьж, жүжигчилсэн хэлбэрээр драмын үг, хоорондын диалаг харилцаагүй учир тухайн хөгжмийн хэл хэллэг, бүжигчний биеийн хэлэмж, орчин үеийн урлагийн хэлбэрээр тухайн цаг үед ийм үйл явдал болж байсан байна гэдэг нь ойлгогдох байх гэж үзэж байна.
-Орчин үеийн техник технологийг хэр ашиглаж байна вэ?
-Орчин үеийн техник технологийн дэвшлийг бүрэн ашиглаж байна. Ардын язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй зэрэгцүүлэх талаасаа хөгжмийн олон продессертай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Алтайн ятга, хэл хуур, хөөмий, морин хуурыг нэгтгэн цогц энтертайнмент дуугаралт болгохын тулд Монголын язгуур урлагийн хөгжмийг дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлэн авч яваа хөгжмийн олон продессер манай үйл ажиллагаанд оролцож байна