Засгийн газар хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв
Төрийн ордонд өнөөдөр эхэлж буй Монголын Эдийн засгийн форумыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ.
Тэрээр, Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа 5 намаас бүрдсэн парламент байгууллаа. Үр дүнд нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж ирж, нийт гишүүдийн 25 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлэн Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсныг онцоллоо.
Энэ жилийн эдийн засгийн форумыг өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна.
2023 оны Эдийн засгийн форумаас өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5,875 ам.долларт хүрсэн бол гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын 4 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН намууд нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж буйг энэ үеэр хэллээ. Улмаар шинээр байгуулж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдлээ.