ХЗБХ: Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 05 цаг 07 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан бөгөөд эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Д.Цогтбаатар гишүүнийг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орос, англи, герман, кхмер хэлний мэдлэгтэй. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй.

1994-2002 онд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2023-2024 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүн:

1.Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал

2.Улсын Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

3.Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзориг

4.Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг

5.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир

6.Улсын Их Хурлын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

7.Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд

8.Улсын Их Хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар

9.Улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нара

10.Улсын Их Хурлын гишүүн Гончигдоржийн Уянгахишиг

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг дагнан хариуцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *