ХХЗХ-ны дарга Б.Мягмарнаран хоёр хүүхдээ Боловсролын зээлийн сангаар сургаж байна
Боловсрол, шинжлэх ухааны яамны сайтад байгаа нээлттэй мэдээллээр 2020,2021,2022 гадаад зээлээр суралцагчдын санхүүжилт гэсэн хүснэгт дотор Мягмарнаран овогтой Нямцэлмэг, Нямцэнгэл гэсэн нэрс содон харагдана. Нэг гэр бүлийн энэ хоёр хүүхэд (ихэр?) хоёулаа Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын “Лондон коллеж”-д Боловсролын зээлийн сангаас тус бүрд нь 41,900 фунт зээлэн суралцаж байна.
Хоёр хүүхдэдээ санхүүжилт авч чадсан Мягмарнаран гэж хэн бэ гэдгийг бид тодрууллаа.
Бавуужав овогтой Мягмарнаран нь 2016 оноос хойш Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-нд ажиллаж байгаа ба хэлтсийн даргаас газрын дарга болон дэвшжээ. Б.Мягмаржав нь өөрөө ч Австралийн Нью Сөүф Вэйлсийн их сургуульд БЗС-аас 16,000 ам.доллараар магистрт суралцаж байсан байх юм. Харин эхнэр З.Мөнхзул нь НХХЯ-нд зохицуулагчаар ажилладаг аж.
Хэн хүний хүсээд олддоггүй Боловсролын зээлийн сангийн босгыг хэрхэн давж, хоёр хүүхдэдээ зээл авч чадсаныг холбогдох яамд болон хууль хяналтын байгууллага шалгах шаардлага үүсээд байна гэж харж байна. Шаардлагатай бол тэтгэлгийг буцаан төлүүлэх асуудал ч ургаж мэдэх нь.
Учир нь, Нямцэлмэг, Нямцэнгэл хоёр нь тэргүүлэх бус мэргэжлээр (дүрслэх урлаг) сурч буй нь 2013 оны 271 дугаар тогтоолоор батлагдсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын 1.4-г илт зөрчжээ. Журмаа зөрчин шалгаруулсан шалгаруулалтын комиссыг ч шалгах шаардлагатай гэж бид үзэж байна.
Б.Мягмарнарангийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 268 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 74 саяар үнэлэгдэх хоёр хөнгөн тэрэгтэй, 120 саяын үнэт эдлэлтэй, З.Цолмон, Г.Амарсанаа нартай хамтран байгуулсан “Дата институт” ХХК-ийн 33 хувийг эзэмшдэг аж.