Олимпын мэдээллийг нэг дороос…

0

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам нээлтээ хийхэд ердөө долоон хоног үлдлээ. Спорт сонирхогчид Олимпын наадмыг амьсгаа даран, хоног тоолон хүлээж сууна. Парисын Олимпын спортын тэмцээн уралдаан энэ сарын 24-нд хөлбөмбөг, рагбигийн төрлөөр эхэлнэ. 16 xоног үргэлжлэх уг наадамд таван тивийн 206 орны 10714 тамирчин 32 спортын төрөлд 329 багц медалийн төлөө  ур чадвар, авxаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Зуны XXXIII олимпын наадамд АНУ xамгийн олон буюу 592, Япон улс 404, БНXАУ 388, Их Британи 327 тамирчин, Канад 316 тамирчнаа Парис руу илгээнэ. Манай улсаас энэхүү тэмцээнд спортын есөн төрөлд 32 тамирчин оролцох юм. Уг нь 33 тамирчин эрх авсан ч зохион байгуулагчдын зүгээс дугуйн хоёр төрөлд нэг тамирчин оролцуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар бид дараагийн багц мэдээлэлдээ дэлгэрэнгүй хүргэх болно. Монголын тамирчдын түрүүч хилийн чанадыг зорьсон бөгөөд Европын орнуудад бэлтгэлээ базаагаад тэндээсээ шууд Парисыг зорих юм. Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчидтай холбоотой багц мэдээллийг цувралаар хүргэе.Нээлтэд Монголын далбааг С.Сэр-Од, О.Есүгэн нар мандуулна

undefined

Зуны спортын XXXIII наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар долоодугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01:30 цагт Францын Парис хотын Сена мөрний эрэг дээр болно. Олимпын бэлтгэл ажил хангагдсаныг зохион байгуулахын хорооноос мэдэгдсэн. Анх удаа задгай талбайд болох нээлтийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Олимпын нээлтэд жагсах Монголын багийн тугчаар гавьяат тамирчин Б.Сэр-Од, боксын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон юм. Тэгвэл Сена мөрний ус шаардлага хангаж байгааг батлан харуулахын тулд Парис хотын дарга 65 настай Анн Идальго уг мөрөнд хэд хоногийн өмнө сэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Одоо бид Сена мөрөн дээр Олимпын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болсон” гэв. Бохирын хоолойнуудаас Сена мөрөн рүү ус асгах явдлыг зогсоохын тулд Парис хотын захиргаа 1.4 тэрбум евро зарцуулсан хэдий ч усыг цэвэршүүлэхэд цаг хугацаа хангалтгүй байсан гэж зарим хүмүүс үзэж байна.Монголын багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ

undefined

“Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр байт харвааны тэмцээн эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн пүрэв гарагт Олимпод оролцох Монголын баг тэмцээнээ эхлүүлнэ гэсэн үг. Байт харвааны тэмцээн “Les Invalides”-т энэ сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхлэх бөгөөд наймдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ. Манай улсаас  Азийн наадмын аварга Б.Отгонболд ганцаараа өрсөлдөх юм. Б.Отгонболдын хувьд долоодугаар сарын 25-д урьдчилсан буюу шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харвааг хийж, долоодугаар сарын 29-д хасагдах шатанд өрсөлдөх юм. Түүний хувьд өдгөө хилийн чанадад бэлтгэлээ базааж байна.Буудлагынхан Австрид

undefined

“Парис-2024” олимпын эрхээ аваад буй буудлагын тамирчид олимпын бэлтгэлээ базаахаар Австрийг зорьсон. Тамирчид тус улсад 16 хоног бэлтгэл хийсний эцэст цааш шууд Парисын зүг хүлгийн жолоо зална. Олимпын эрхээ авсан гурван тамирчин болох О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нараас гадна бэлтгэл хангагч Г.Нандинзаяа, Б.Эрхэмбаяр, Э.Бадамгарав нар Австрийг зорих багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Парисын Олимпын буудлагын тэмцээн энэ сарын 27-нд хийн урт буу холимог баг, эрэгтэйчүүдийн хийн гар бууын төрлөөр эхлэх хуваарьтай байна.Жүдочид 22-нд Парисыг зорино

undefined

Жүдо бөхийн шигшээ багийнхан “Баянгол” ресортод бэлтгэлээ базааж байна. Тэд үүнээс өмнө Хөх хотод 14 хоногийн турш өндрийн бэлтгэлээ хангаад ирсэн юм. Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ариунболд нар зодоглох юм. Б.Баасанхүү хэсэг толгойлж барилдах бол Б.Ариунболд сугалаагаар аль нэг хэсэгт хуваарилагдана. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бол финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм.Чөлөөтийнхний тэмцээн наймдугаар сарын 5-нд эхэлнэ

undefined

Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Төв аймгийн Батсүмбэр суман дахь “Чэмпионс Чэмп” баазад Олимпын бэлтгэлээ базааж байна. Манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин эрх авсан. Эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцож буйгаараа онцлогтой. Чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн наймдугаар сарын 5-нд эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Өөрөөр хэлбэл, чөлөөтийн тамирчдын салхийг дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хагална гэсэн үг. Тэд энэ сарын 29-нд Парисын зүг хүлгийн жолоо зална.Боксчдын салхийг М.Энхжаргал хагална

undefined

Монголын эрэгтэй боксчид энэ удаагийн олимпод эрх авч чадаагүй нь харамсалтай. Гэхдээ хоёр эмэгтэй боксчин Олимпын наадамд өрсөлдөх болсон нь анхны тохиолдол юм. О.Есүгэн, М.Энхжаргал нар дасгалжуулагчдын хамт Германд бэлтгэлээ хангаж байна. Улмаар тэндээсээ Парисыг зорих аж. Манай боксчдоос дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал түрүүлж рингэнд гарна. Тэрбээр 54 кг-ын жинд тулалдах бөгөөд тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ.Монголын сэтгүүлчид 1964 оноос хойш Олимп сурвалжилж байна

undefined

Зуны спортын наадмыг Монголын сэтгүүлчид 1964 оноос хойш тасралтгүй сурвалжилж байна. “Токио 1964” анхны олимпод тухайн үеийн “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуай сурвалжлагчаар ажиллаж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Парисыг зорихоор тийзээ авчээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат зургаа, зурагчин Д.Нямбилэг гурав, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан 16 дахь Олимпын наадмаа сурвалжлах бол сэтгүүлч Ж.Цэцэгмаа анх удаа хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон наадмыг сурвалжлахаар энэ сарын 21-нд Парисын зүг хүлгийн жолоо залах гэж байна.Тэгвэл манай улс 20 жилийн өмнө буюу 2004 оноос Олимпын наадмыг шууд дамжуулсан түүхтэй. Анх ТВ5 телевиз Олимпын наадмыг эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх шанг татсан бол өнөөдөр “Централ” телевиз, спортын төрөлжсөн “Премьер спортс нэтворк” сувгийн хамт олон зуны XXXIII наадмыг Монгол Улсад албан ёсны онцгой эрхтэйгээр 16 хоногийн турш шууд дамжуулахад бэлэн болжээ.Монголын багийн хамгийн, хамгийн

undefined

Энэ удаагийн олимпын Монголын багийн хамгийн ахмад тамирчин бол марафонч, гавьяат тамирчин Б.Сэр-Од юм. Тэрбээр ирэх аравдугаар сард 43 нас хүрэх бөгөөд зургаа дахь олимпдооо оролцох гэж байна. Тэр марафон гүйлтээр зургаан олимпод оролцсон амжилтаараа дэлхийд анхдагч болж буй. Харин хамгийн залуу тамирчин нь 19 настай жүдоч О.Хүслэн. -78 кг-ын жинд зодоглох түүний хувьд анхны олимпын наадамдаа оролцохоор зэхэж буй нь энэ. Мөн энэ удаагийн олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцоно. Түүнчлэн дугуйн спортынхон 28 жилийн дараа олимпын наадамд эргэн ирлээ. Харин усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эгч, дүү Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцоно. Энэ нь анхны тохиолдол юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *