Туул голд живсэн бага насны хүүхдийн цогцсыг олжээ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбуланд дөрвөн том хүн, таван хүүхэд зугаалж явснаас Туул голын усанд зургаан настай хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдрийн 16:04 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, хоёр автомашин, хоёр завьтай 16:06 цагт гарч таван км замыг туулан 16:10 цагт очин зургаан настай хүүг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоогоод 23-ны 06:29 цагт дахин эхлүүлжээ.
Харамсалтай нь энэ явцад Улаанбаатар Төмөр Зам ХНН-ээс живсэн хүүхдийн цогцос олдлоо гэх мэдээллийг онцгой байдлын албанд өгч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн голын усны түвшин нэмэгдэж буй энэ хугацаанд болзошгүй аюулаас сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас зөвлөж байна. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас зөвлөж, анхааруулж буй зүйлс нь иргэн таныг аюулд өртөхөөс хамгаалах зорилготой байдаг тул сайтар ойлгож, алхам тутамдаа сонор сэрэмжтэй байхыг уриалав.
2024 оны долдугаар сард зөвхөн нийслэл Улаанбаатар хотод л гэхэд усны ослын улмаас 11 хүн амиа алдсан байна. Үүний дөрөв нь бага насны хүүхэд гэх харамсалтай тоо байна.