ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

0

Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрийн сошиал хуудсаараа дамжуулан цагдан хоригдож байхдаа нас барсан иргэний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд хэд хэдэн чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар тасралтгүй ажиллаж байгааг иргэд та бүхэндээ илтгэн танилцуулъя” гэжээ.

Цагдаагийн алба хаагчдад зодуулж, нас барсан 21 настай залуугийн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлд хандаж, мэдээлэл хийсэн. Талийгаачийн эгч нь “Миний дүүг зүгээр нэг гэмт хэрэгтэн 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан мэтээр ярьж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан буюу шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байсан. Үүнийг онцолж хэлмээр байна. Тухайн холбогдсон байсан хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан. Үүний дагуу хэрэг нь шалгагдаад өчигдөр /2024.07.23/-нд хариу нь гарсан. Гэтэл дүү минь шүүхийн хариу гарахаас нэг цагийн өмнө нас барсан. Тухайн хэрэгт дүү маань гэм буруугүй байсан. Хамт явж байсан хүн нь утас хулгайлснаас болж сэжигтнээр шалгагдсан. Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий цагдаагийн алба хаагчид хэлтэс дээрээ авчирч мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан. Нийтдээ найман хүн байсан. Цагдаагийн алба хаагчдад зодуулж, тамлуулсан гэдгээ ар гэрийнхнээсээ нуусан. Үүнийг нь бид 3-4 хоногийн дараа мэдсэн.

Улмаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Нийт өргөдөл гаргасан найман алба хаагчдын зургаа нь тогтоогдсон.

Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгснөөс болж сэжигтэн байсан миний дүүг нэг сараар саатуулсан. Саатуулж байх хугацаанд нь Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа залгаж утсаар дарамталсан. Нэг сарын хугацаа нь дуусаад гараад ирсний дараа нь мөн л хянагчаар нь дамжуулж дарамталсан. Үүнийг мөн шалгах хэрэгтэй. Энэ мэт дарамт шахалтаас болж айсандаа Авлигатай тэмцэх газар очиж чадаагүй. Байцаалт өгч чадахгүй явсаар байх үед нь Авлигатай тэмцэх газраас тодруулсан зургаан албан хаагчийг таниулахаар дуудсан. Ийнхүү Авлигатай тэмцэх газар луу очиж явахад нь хашааных нь үүднээс Баянгол дүүргийн хоёр цагдаа барьж авсан. Авч явсныхаа дараа хэргийг нь Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд 461 дүгээр хорих ангид гурван сарын баривчилгаанд явуулсан. Долдугаар сарын 11-нээс дүүгийн минь биеийн байдал муудаж эмнэлэгт мэдэгдсэн гэж хэлсэн. Гэтэл одоо 461 дүгээр хорих анги, прокурорын байгууллага аль аль нь мэдэхгүй байгаа. Бид шат шатны бүх байгууллагуудад гомдолтой байна. Дүү минь одоо өөрийгөө өмөөрч үг хэлэх ямар ч эрхгүй болсон” гэдгийг хэлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *