Онцгой байдлын алба хаагчид гурван иргэнийг аварчээ
Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин үерийн усанд автсан, автомашин голын салаанд боогдсон гэх 5 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг аварчээ. Нийт нутгаао гол, усны түвшинд үерийн аюултай байгаа тул иргэдийн амарч, зугаалахдаа болгоомжтой байж, голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавих, голын татам хөвөө болон үерийн аманд суурьшихгүй байх, баталгаатай гарам гүүрээр зорчиж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Онцгой байдлын алба хаагчид зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн улаанбаатар хотын хэмжээнд Туул гол дагуу Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэл, Маршлын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл автомашин болон завьтайгаар өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллажээ.
Орон нутагт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэр мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байгаа аж.