Э.Даваахүү гар бууны төрөлд 8-р байр эзэлсэн Монголын анхны эрэгтэй бууч болов
#Paris2024 буудлагын хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 метрийн дасгалд Э.Даваахүү 8-р байр эзэллээ. Энэ нь монголын эрэгтэй гар бууны түүхэд байгаагүй том амжилт юм.
“Парис 2024” зуны олимпын буудлагын хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 метрийн финалын дасгалд Монголын шигшээ багийн тамирчин Энхтайваны Даваахүү цэц сорилоо.
Тэрээр эхний сумаас 115.7 оноо авснаар 8-р байр эзэлж тэмцээнээ дуусгалаа. Финалын буудлагад хоёр хоёр сумны дараах үр дүнгээр бага оноотой нь хасагдах журмаар болдог. Улмаар үлдсэн долоон тамирчин дараагийн буудлагаа үргэлжлүүлэв.
Финалын дасгалын үр дүн:
- Юи Шие /Хятад/ – 24 сум 240.9 оноо АЛТ
- Федерико Нило Малдини – 24 сум 240.0 оноо МӨНГӨ
- Паоло Монна /Итали/ – 22 сум 218.6 оноо ХҮРЭЛ
- Вонхо Ли /Өмнөд Солонгос/ – 20 сум 197.9 оноо
- Кристиан Рэйтз /Герман/ – 18 сум 177.6 оноо
- Робин Волтер /Герман/ – 16 сум 158.4 оноо
- Дамир Микеч /Серби/ – 14 сум 136.9 оноо
- Энхтайваны Даваахүү /Монгол/ – 12 сум 117.5 оноо
Э.Даваахүү өчигдөр урьдчилсан дасгалд нийт зургаан үеийн 60 сумнаас 578 оноо авч 7-р байр эзэлснээр финалд шалгарсан юм. Гэвч финалд 7-р байраа хадгалж чадалгүй 8-р байраар дуусгав. Ийнхүү 8-р байр эзэлсэн нь Монголын шигшээ баг эрэгтэй гар буугаар олимпод үзүүлж байсан хамгийн өндөр амжилт юм.
Э.Даваахүү мөн наймдугаар сарын 4-д 15:00 цагаас 25 метрийн хурдан бууны төрөлд дахин өрсөлдөнө.