О.Есүгэн урт бууны эмэгтэй ганцаарчилсан төрөлд 18-р байр эзлэв
#Paris2024 Оюунбатын Есүгэн хийн урт бууны эмэгтэй ганцаарчилсан төрөлд 18-р байр эзэллээ.
Парис 2024 зуны олимпын буудлагын хийн урт бууны эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан дасгал боллоо.
Уг дасгалд нийт 43 тамирчин оролцсоноос Монголын шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн 60 сумнаас 627.6 оноо авч 18-р байр эзэллээ.
Уг дасгалд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгарсан бөгөөд Өмнөд Солонгосын тамирчин Хёжин Бан 634.5 оноогоор олимпын рекордыг шинэчилж нэгдүгээр байр эзэлсэн. Түүний араас Норвеги, Швейцар, Хятадын тамирчид удаалав.
О.Есүгэн өчигдөр холимог багийн төрөлд Н.Баяраагийн хамт оролцоход 16-р байр эзэлсэн юм. Тэрээр наймдугаар сарын 1-ий 18:00 цагаас урт бууны 50 метрийн гурван байрлалт дасгалд өрсөлдөнө.