Эрх Чөлөөний Эвсэл Нам цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлжээ
Шаардлага
Монгол улсын иргэдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эрүүдэж эрүүл мэнд, амь насыг нь хохироох, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх, хувь хүний эрх чөлөөнд халдах, хэргийн материал задлах, хувийн мэдээллийг хууль бусаар тараах, иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүд тараах, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд зохиомол хэрэг үүсгэх, гүтгэх зэрэг цагдаагийн байгууллагын хууль бус хэвшмэл үйл ажиллагаанд иргэд бухимдаж, шүүмжлэл өрнүүлсээр байна. Зарим иргэд Төв талбайд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэх, хуулийн бус хувийн шаардлага асуулт тавих зэрэг үзэгдэл хэвшмэл байдлаар үргэлжилж байна.
Түүнчлэн Төв талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр очсон иргэний хувийн өмч эд зүйлийг булаан саатуулж, хуулийн ямар нэг үндэслэлгүйгээр эрхийг нь хязгаарласан үйл ажиллагаа явагдсан.
Иймд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн үед Төв талбай дээр тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхээр очсон иргэн Н.Санчиртай холбогдуулан цагдаагийн алба хаагчдын явуулсан хууль бус ажиллагаанд дараах агуулгаар албан ёсны тайлбар шаардаж байна.
Нэг. Цагдаагийн алба хаагчид хуулийн ямар үндэслэлээр иргэн н.Санчирын хувийн өмч, эд зүйлийг хүч хэрэглэн булааж, хураан авсан
Хоёр. Цагдаагийн алба хаагчид хуулийн ямар үндэслэлээр иргэн н.Санчирыг Төв талбайд саатуулж, цагдаагийн авто машинаар авч явсан.
Гурав. Цагдаагийн алба хаагчид хуулийн ямар үндэслэлээр иргэн н.Санчирыг Төв талбайгаас хааш нь авч явсан, ямар ажиллагаа хийгдсэн, одоо хаана саатуулагдаж байгаа талаар тус бүрчлэн албан ёсны мэдээлэл шаардаж байна.
Эрх Чөлөөний Эвсэл нам