Ирэх 4 жилд ЗГ ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ?

0

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэдэг билээ. Энэ удаад Ашид Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал, санхүүгийн эдийн засагч А.Батпүрэвийн ирэх 4 жилд хийх эдийн засгийн шилжилтийн талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж буй энэ өдрүүдэд ирэх 4 жилд эдийн засгийн ямар шинэчлэлүүдийг хийх шаардлагатай, үүнд санхүүгийн зах зээл ямар үүрэг гүйцэтгэх талаар саналаа хуваалцъя.

Өнөөгийн нөхцөл байдал, эрсдэл, боломжийг харгалзан үзвэл ирэх  4-8 жил буюу дунд хугацаанд Монголын эдийн засгийн өмнө тавигдах үе шаттай зорилгууд, энэ хүрээнд эхний 4 жилд дэвшүүлэх зорилтуудыг дараах байдлаар харж байна. Эдгээр нь мэдээж хэрэг манай улсын эдийн засагт тулгарсан бүх асуудлыг хамрахгүй боловч дийлэнхийг нь шийдэхэд дөхөм болох болов уу. Учир нь санхүүгийн салбар нь бусад бүх салбарын хөгжилд үр нөлөө үзүүлдэг түрүүлэгч салбар юм. 

Дунд хугацааны зорилго

  • Эдийн засгаа тогтворжуулж, түүхий эдийн үнийн хөдөлгөөнөөс үүдэлтэй ээлжит хямрал болон “Баялгийн хараал”-аас зайлсхийх, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх,
  • Төрийн шууд оролцоог оновчтой зохицуулалтаар сольж хувийн хэвшилд суурилсан, нээлттэй, өрсөлдөх чадвартай бизнесийн орчныг бүрдүүлэх,
  • Бүтцийн шилжилтийг хэрэгжүүлж олон тулгуурт, сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийн суурийг тавих,
  • Чинээлэг дундаж давхаргад суурилсан, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг бүтээх.

Энэ хүрээнд 2024-2028 онд хийх шаардлагатай шилжилтүүдийг дурдъя. 

1. ТӨР БИШ ИРГЭН БАЯН ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛОХ 

Шийдэл,

  • ТӨК-иудыг хувьчлах, төсвийн зарлагыг 30 хүртэл хувиар бууруулах.
  • Эрдэнэс Тавантолгойн хувьцааг жинхэнэ утгаар нь иргэдэд өмчлүүлэх, үргэлжлүүлээд Эрдэнэт, Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс силвер ресурс гэх мэт олон ТӨК-ийн тодорхой хувийг иргэдэд үнэ төлбөргүй хувьчилж айл өрхийг хөрөнгөтэй болгох, ихэнх хувийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах, төр зайлшгүй хувь эзэмших тохиолдолд хяналтын багцаас хэтрэхгүй байх.
  • Төсвийн зарлагыг жил бүр үе шаттай бууруулж ДНБ-ий 25%-иас хэтэрдэггүй болгох. Үүний тулд төрийн албыг цомхон чадварлаг болгож, урсгал зардлын реформ хийх.

Үндэслэл: Монгол Улс бараг 100% төрийн өмчтэй, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжихдээ 3-4 үе шаттай өмч хувьчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд, төрийн өмчийн үйлдвэрүүдийг бүх нийтэд эрхийн бичгээр, үнэ цэнтэй компаниудыг дуудлага худалдаагаар (сүүлийн зарим тохиолдолд IPO) гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчилсан. Үүний үр дүнд 2000-аад оны дунд гэхэд хувийн хэвшилд суурилсан, хурдацтай хөгжиж буй, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг улс болсон байв.

Харамсалтай нь тэр үеэс эхэлсэн уул уурхайн бүүм, түүнийг дагасан популист улс төрийн үр дүнд манай улс буцаад төр дагасан, дарга шийддэг эдийн засагтай болчихоод байна. Сүүлийн 20 жилд төрийн мөнгө нийт эдийн засгаасаа 2 дахин хурдтай, айл өрхийн орлогоосоо 3 дахин хурдтайгаар нэмэгдсэн. Үр дүнд нь авлига, хээл хахууль нэмэгдэж, бизнесийн эрх чөлөө хумигдан, гадаадын хөрөнгө оруулалт дайжсан, ардчиллын нөхцөл доройтсон. Эдийн засгийн өсөлт иргэндээ хүртээмжгүй, ихэнх айлын хаалгаар орохгүй өнгөрч байгаагаас ядуурал буурсангүй, дундаж давхарга бэхэжсэнгүй. Энэ байдлыг өөрчилж зөв зам дээрээ гарах гарц бол төрийн өмчийг түмэнд шилжүүлэх дараагийн хувьчлал.

Анхаарах: 1990-ээд оны үед гарсан мэдлэгтэй, мэдээлэлд ойр хэсэг нь нийтийн өмчийг үнэгүй шахам хувьдаа авч олонх нь хоосон хоцорсон алдааг давтахгүй байх боломжтой. Үүнд олон нийтийн санхүүгийн боловсрол, зах зээлийн оновчтой зохицуулалт, жижиг хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах тогтолцоо чухал. Олон жил улиг болтол яригдаж буй төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах явдал ч тэднийг хөрөнгийн зах зээлд гаргахаас эхэлнэ.

2. ӨРӨӨСӨН БИШ ОЛОН ТУЛГУУРТАЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛОХ

Шийдэл,

  • Уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулахад нэн тааламжтай татвар, зохицуулалтын орчинтой, Англо-саксон шүүх бүхий Санхүүгийн чөлөөт бүс бий болгох замаар гадаадын багцын хөрөнгө оруулалтыг (FPI) татах. 
  • “Уул уурхайн бус экспортын үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх.

Үндэслэл: Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт өндөр хамааралтай тул Хятадад нүүрс, зэсийн үнэ хэрхэхээс бидний амьдрал хамаарч байдгийг бүгд мэднэ. Дээр нь уурхайгаас бусад бараг бүх салбарт бүтээмжийн өсөлт, хөгжил явагдахгүй байгаагаас бодит орлого өсөхгүй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал дээшлэхгүй байгаа. Улмаас тэдгээр салбарт хөрөнгө оруулалт орохгүй, ажиллах хүн олдохгүй болж “чөтгөрийн тойрог” улам нарийсаж байна.

Уул уурхайгаас өөр хөрөнгө оруулагчийн сонирхол татаж болох, гадаад зах зээлээс валют олж чадах салбар Монголд уг нь байгаа. Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс холбогдох яамдтай хамтран Олон Улсын Худалдааны Төв, дотоодын зөвлөхүүдийн тусламжтайгаар боловсруулсан “Уул уурхайн бус экспортын үндэсний стратеги”-ийн хүрээнд эхний ээлжийн 6 салбарыг үнэлсэн. Эдгээр салбарыг олон улсад өрсөлдөх чадвартай болгож хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх стратеги дэвшүүлснийг хэрэгжүүлэх. Үүний дотор урт хугацаатай, өртөг багатай санхүүжилтийн тогтолцоо бүх салбарт чухал болохыг онцолж тусгайлсан тайлан гаргасан байгааг судалж хэрэгжүүлэх.

Анхаарах: Бодит салбаруудыг олон улсад гаргахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүнийг дагасан туршлага, нөү-хау чухал. Түүнээс дутахгүй чухал нь багцын хөрөнгө оруулалт бөгөөд олон улсын хил дамнасан санхүүгийн капиталыг татахын тулд оффшор бүсүүдтэй өрсөлдөхүйц орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Зөвхөн гадаадын төдийгүй дотоодын санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилах, зорилтот салбаруудад чиглүүлэх асуудал мөн л төсвийн бус санхүүгийн зах зээлийн тогтолцоогоор дамжиж байж үр дүнтэй болно. Нэн ялангуяа хамгийн их ажлын байр шингээдэг жижиг дунд бизнесийн салбарт тааламжтай хөрөнгө оруулалтын тогтолцоо бий болгохын тулд нөлөөллийн болон венчур хөрөнгө оруулалтын сангуудтай төр өрсөлдөх бус хамтран ажиллах нь чухал.     

3. ХАМТЫН АЖИЛЛАГААНД СУУРИЛЖ ХАА-Г ХӨГЖҮҮЛЭХ  

Шийдэл: Хөдөө аж ахуйн хоршоодыг дэмжиж тэдгээрт санхүү, менежментийн хөрөнгө оруулалт хийх зорилтот капитал (patient capital), нөлөөллийн хөрөнгө оруулалт (impact investing), тогтвортой санхүүжилт (sustainable funding) гэх мэт орчин үеийн бүтцүүдийг Монголд бий болгох, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж Засгийн газрын “мачинг хөтөлбөр” зэрэг бодлогоор дэмжих.

Үндэслэл: Монгол Улсын нийт хүн амын дөрөвний нэг нь мал аж ахуйн салбараас шууд хамааралтай амьдарч байна. Энэ салбарт бүтээмж, үнэ цэний өсөлт бий болохгүй байгаагаас амьдралын чанарын өөрчлөлт гарахгүй олон жил болж үндсэндээ мухардалд орсон. Нөгөөтээгүүр хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь зөвхөн тэнд ажиллаж амьдарч буй хүмүүст хамаатай асуудал биш. Хүнсний хангамж, уурс амьсгалын өөрчлөлт, ядуурал, нүүдэлчний соёл, уламжлалаа хадгалж газар нутгаа эзэнтэй байлгах гэх мэт олон асуудал эндээс эхтэй.

Аймаг, сум бүрд хөнгөн аж үйлдвэрийн үйлдвэрүүд байгуулж малын гаралтай түүхий эдийг боловсруулна гэх мэт уриалгуудыг олон жил дэвшүүлсэн ч бодит үр дүн гарахгүй байгаагийн шалтгаан нь оновчтой үнэ цэнийн сүлжээ, бизнес загварыг олж чадаагүйгээс болсон. Тархан суурьшсан нүүдэлчдийн хэв маягт нийцэх загвар нь тэдний сайн дурын хамтын ажиллагаанд суурилсан анхан шатны боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийг өөрсдөө хийх, масс үйлдвэрлэлийн бус тогтвортой бүтээгдэхүүнийг нише зах зээлд нийлүүлэх загвар юм. Нутгийн иргэдийн оролцоонд суурилсан хоршооллын бүтэцтэй, түүнд хувийн хэвшил олон улсын байгууллагын санхүүжилт, бизнесийн ноу-хауг чиглүүлж төрөөс дэмждэг хамтын ажиллагаа, холимог санхүүжилтийн (blended finance) тогтолцоогоор үүнийг хийх боломжтой.

Анхаарах: Хоршоолол, тэдэнтэй хамтрах хөрөнгө оруулагчийн оролцоог хүчээр кампаничилж хийх боломжгүй. Сонгуулийн үеийн уриа лозун, шүүмжлэлүүдээ орхиод ажил хэрэгчээр хандахын тулд нэн түрүүнд малчдынхаа санхүүгийн боловсрол, сахилга батыг сайжруулахад хөрөнгө, хүч зарах нь чухал. Үүний дараа энэ чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлийнхэн, хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудыг холбох, бодлогоор дэмжих нь төрийн үүрэг. Харин төр өөрөө зээл, буцалтгүй тусламж өгөх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс татгалзах нь зүйтэй.

4. ӨРТЭЙ БИШ ХУРИМТЛАЛТАЙ ҮНДЭСТЭН БОЛОХ

Шийдэл,

  • Тэтгэврийн шинэчлэлээр иргэдийг бодит хуримтлалтай болгох, төсвийн шинэчлэлээр Засгийн газрын өрийг бууруулах, Үндэсний баялгийн сангаар дамжуулж төр хуримтлалтай болох.
  • Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог хуульчилж, ажилтан-ажил олгогч хамтран төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 4%-6%-ийг сонгосон санд хуримтлуулдаг болох.
  • Үндэсний баялгийн сангийн хараат бус, мэргэжлийн засаглалыг сайжруулж халамжийн шинжтэй зардлыг хязгаарлан үндэсний хуримтлал үүсгэх, Ирээдүйн өв сангийн өгөөжөөс иргэдийн нийгмийн даатгалын сан дахь нэрийн дансыг мөнгөжүүлэх.
  • Төсвийн шинэчлэл хийж алдагдалгүй болгосноор Засгийн газрын өрийг бууруулах.     

Үндэслэл: Дундаж Монгол өрхийн мөнгөн зарлага, орлогоосоо давж жилээс жилд өр нэмэгдэж байна. Үүнийг дагаад зүй бус санхүүгийн мөлжлөг газар авсан. Насан туршдаа ажиллахдаа төлсөн тэтгэврийн даатгал нь ирээдүйн амьдралын баталгаа болох ямар ч нөхцөлгүй бөгөөд төрийн монопол энэхүү даатгалын тогтолцооны алдагдал цаашид улам бүр нэмэгдэх хандлагатай.  

Аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгал нь ихээхэн санхүүгийн дарамт учруулдаг хэр нь ажилтан сэтгэл ханамж, бүтээмж өндөр байж тогтвор суурьшилтай ажиллах хөшүүрэг болж чаддаггүй, дан ганц татварын шинжтэй.

Уул уурхайн салбараас шалтгаалан төсвийн орлого жил тутам 20% гаруйгаар өсөж буй боловч төрийн өр (засгийн газар, ТӨК, төв банк) өндөр түвшинд байсаар байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг доош татаж бизнесийн салбарт хөрөнгийн өртгийг нэмэгдүүлж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлан гаргасан нь сайшаалтай боловч засаглалыг илүү боловсронгуй, зарлагын бүтцийг оновчтой болгох ажлууд хүлээгдэж байна.

Анхаарах: Тэтгэврийн сангууд нь нь бизнест урт хугацааны, өндөр хүүтэй биш хөрөнгө оруулалтыг татах суваг болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэн чухал нөлөө үзүүлдэг. Хэдий тийм ч иргэдийн санхүүгийн боловсрол сул, хөрөнгө оруулалтын менежментийн тогтолцоо нь шинэ тутам хөгжиж буй нөхцөл байдлыг харгалзан эдгээр сангуудын хөрөнгө оруулалтын бодлого, засаглалын хяналтыг хатуу чангаар хуульчилж ажилтнуудын санхүүгийн баталгааг хамгаалах шаардлагатай. Цаашид үе шаттайгаар зөөлрүүлэн хөгжингүй орнуудын жишигт нийцүүлэх боломжтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *