“Онгийн гол улаанаар урсаж байна” гэсэн мэдээллийн дагуу “Эм Эс Бэл Майнинг” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ
Зүүнбаян-Улаан сумын Өртөнт гэх газар үйл ажиллагаа явуулж байгаа “Эм Эс Бэл Майнинг” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, “Онгийн гол улаанаар урсаж байгаа” гэх мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчид газар дээр нь хяналт шалгалт хийхэд дээрх компанийн ашигт малтмал олборлоход ашигласан нуурын хамгаалалтын далан сэтэрч, Онгийн голруу бохир ус нийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул лацдаж үйл ажиллагааг зогсоосон байна.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F100010549651190%2Fvideos%2F380265904770938%2F&show_text=false&width=267&t=0
“Эм Эс Бэл Майнинг” ХХК нь тус суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлөөр үйл ажиллагаа явуулдаг аж. Хяналт шалгалтын үеэр сэтэрсэн нуурын даланг хаалгуулж, цаашид даланг бэхжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өгч, хоёр цэгээс усны дээж аван лабораторит шинжлүүлжээ. Мөн зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааг Прокурорын хяналтан дор явуулахаар шийдвэрлээд байна.