Д.Амарбаясгалан: Улаанбаатар хотыг дэвшилтэт технологийг ашиглан хүнд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал байна
Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрбээр “Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлт идэвхэжсэн үед хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, орчин үеийн хөгжлийн чиг хандлага, шинэ боломж, сайн оновчтой туршлагуудыг нээлттэйгээр ярилцаж, дэвшүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүддээ харьцуулсан дүгнэлт хийх боломж олгодгоороо тун чухал арга хэмжээ гэж үзэж байна. Энэ Улсын Их Хурлын онцлог бол хамтарсан Засгийн газар байгуулж, ард түмний дэмжлэг авсан Монгол Улсын улс төрийн олон намуудын дэвшүүлж байгаа зорилго, зорилтуудыг хамтын хүчээр хэрэгжүүлэх явдал юм.
Сонгуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө Нүүдлийн соёл иргэншлийн уламжлалтай Монгол орны хувьд орчин үеийн хотын хөгжлийг хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн хүчээр нутагшуулж, хүнд илүү ээлтэй болгох чухал шаардлага бий. Энэ нь төвлөрлийг улсаас хот руу шилжүүлж буй орчин үеийн дэлхийн чиг хандлагад дөхөх, улмаар хот бие даан хөгжихөд ач холбогдолтой. Ийнхүү Улаанбаатар хотыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүнд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой. Энэ ч утгаараа Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам харилцаа, ногоон байгууламж, эрчим хүчний чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр олон намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан юм. Үүнээс гадна байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн менежмент, хог хаягдлын менежменттэй холбоотой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зайлшгүй юм. Эдгээр төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, сайжруулах, хэрэгжүүлэх шинээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэх, хэнтэй хамтрах зэрэг олон асуултуудын өмнө байгаа бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрөө эд боловсруулж байна.ажлууд бидний анхаарлын төвд байгаа.
Энэ чухал үед Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт “Тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь цагаа олсон, бидний хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Дэлхий дахинд хувийн хэвшлийн шинэлэг санаа, санаачилгыг төрийн тэгш хүртээмжтэй бодлоготой хослуулан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдээс бид суралцах, санаа авахад бэлэн байна. Монгол Улсын Их Хурлаас орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, шаардлагатай санхүүжилтийг гадаад, дотоодоос босгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь ажиллах боломж бололцоог бүрдүүлэхийн тулд холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэлт, сайжруулалтыг судалгаанд үндэслэж, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлан хийх болно. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчид болон аливаа хувийн хэвшлийг дан ганц гэрээлэгч гэдэг утгаар нь бус харан хамтрагч гэдэг утгаар хандах, харилцан ашигтай хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Цаашид аж ахуйн шинж чанартай ажлуудаас гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудад хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Иймд та бүхэн төр хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, сайн туршлагуудаа нээлттэйгээр хуваалцаж, Улаанбаатар хотын зүгээс ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.