Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлын эхэнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор түр хөдөлгөөн зохион байгуулалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ. Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Оргил ачааллын үеэр тус уулзварыг цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус зохицуулалтуудыг 21 хоногийн хугацаанд туршихаар болов.
Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулна
НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 907 төсөл, арга хэмжээг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Гэвч төлөвлөгөө батлагдах явцад холбогдох байгууллагуудаас хоцорч ирсэн санал, төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдан, газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иржээ. Мөн хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.
Энэ хүрээнд газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээ төлөвлөсөн байна. Тодруулбал, төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 14 байршлын 93.52 га, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх хэсэгт 42 байршлын 1010.04 га газар, нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох чиглэлээр 50 байршлын 7.2 га-г тусгажээ. Харин нөхөн олговор олгож, газар чөлөөлөх чиглэлээр дөрвөн арга хэмжээ төлөвлөсөн. Тухайлбал, барилга байгууламжийн газрыг чөлөөлөх хэсэгт гурван байршлын 0.336 га, инженерийн шугам сүлжээ, түүний барилга, байгууламжийн газрыг чөлөөлөхөөр нэг байршил тусгасан байна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.
Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзлэх бөгөөд 148.323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийт 15,382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа юм.
Төслийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16,671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. Харин энэ онд 46 блок 5076, 2024 онд 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээсэн
Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70-80 хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Иймээс энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулсан. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг хамруулан нэг сарын хугацаанд зохион байгуулсан тус арга хэмжээний үр дүнг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн танилцууллаа.
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалсан юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр 48.9 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээсэн бодит үр дүн гарчээ. Түүнчлэн цахим худалдаагаар 250 сая төгрөгийн орлого олж, ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээний үеэр нийт дөрвөн тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байна. ЖДҮҮ-ний салбар нь экспортын орлогын 2.4, ДНБ-ий 18 хувийг эзэлдэг. Хөгжиж буй орнуудын жишигт ЖДҮҮ-ний салбар нь хөдөлмөрийн зах зээлийнхээ 40 хувийг хамарч, ДНБ-ийхээ 60 хувийг бүрдүүлдэг аж. Харин манай ЖДҮҮ-ний салбар нь ажиллах хүчин ихтэй хэдий ч эдийн засгийн чадавхаараа гурав дахин бага байгаа юм. Иймд ЖДҮҮ-ний салбарыг шууд борлуулалтаар дэмжсэн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах нь үр дүнтэй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС