ПАРИС-2024: Олимпын наадмын найм дахь өдрийн тойм мэдээ
Өчигдөр буюу бямба гарагт Олимпын тамирчид спортын 15 төрөлд 31 багц медалийн төлөө өрсөлдөж, олон дээд амжилтуудыг тогтоолоо.
Украины туялзуур сэлэмчид Өмнөд Солонгосын багийг 45:42 харьцаагаар ялснаар энэ өдрийн эхний алтан медалийг хүртэв. Украины багийн бүрэлдэхүүнд Ольга Харлан, Алина Комащук, Алена Кравацкая, Юлия Бакастова гэсэн дөрвөн тамирчин багтжээ.
Энэ бол өдгөө 33 настай Ольга Харланы хувьд Парисын Олимпоос авсан хоёрдахь медаль /ганцаарчилсан төрөлд хүрэл медаль/ бөгөөд Олимпын зургаа дахь медаль юм. Ингэснээр тэрбээр Украины тамирчдаас дотроос Олимпын наадмын хамгийн олон медаль хүртсэн хүн болж байна.
Одоогийн байдлаар украинчууд Парист алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртээд байна.
Теннис: Хятадын багт дахиад нэг алт нэмэгдлээ
22 настай Жен Циньвен финалын тоглолтод Хорватын Донна Векичийг 6:2, 6:3 харьцаагаар хожсоноор Олимпын аварга цолыг хүртлээ. Ням гарагт болох эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд хоёр супер од тулах гэж байна. Сербийн Новак Жокович хоёр долоо хоногийн өмнө Уимблдоны финалд Испанийн Карлос Алькараст ялагдсаныхаа даагыг нэхнэ.
Их дуулгын тэмцээнүүдэд олонтоо түрүүлж, од тамирчин болсон хэдий ч Н.Жокович Олимпын наадмаас ганц ч медаль хүртээгүй байгаа юм. Энэ удаад тэрбээр дутуугаа нөхөж, дор хаяж мөнгөн медаль авах нь тодорхой боллоо.
Хүрлийн төлөөх тоглолтод Италийн Лоренцо Мусетти гурван сетэд Канадын Феликс Ожер-Альяссимыг хожсон байна.
100 м-ийн алтан медалийг Карибын тэнгис рүү авч одлоо
Бямба гарагт болсон Олимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний оргил нь эмэгтэйчүүдийн 100 м-ийн зайн гүйлт байсан бөгөөд Карибын тэнгис дэх Сент-Люсия гэдэг арлын жижигхэн улсын тамирчин Жюльен Альфред 10,72 секундийн амжилтаар Олимпын аварга гэдэг эрхэм алдрыг хүртлээ. Энэ медаль зөвхөн Альфредийн төдийгүй арлын улсын хувьд Олимпын анхны медаль юм.
Альфредийн ард АНУ-ын хоёр тамирчин Шакарри Ричардсон, Мелисса Жефферсон нар барианд орлоо. Харин Их Британийн Дарилл Нейта Америкийн тамирчнаас ердөө 0,04-хөн секундээр хоцорсноор медальгүй хоцорсон нь харамсалтай.
Кэти Ледецкигийн ээлжит алт
Америкийн усанд сэлэгч Кэти Ледецки 27 насандаа дөрөв дэх удаагаа Олимпод оролцож, 800 м-ийн мөлхөө сэлэлтийн төрөлд дөрөвдэх алтан медалиа авлаа. Одоогийн байдлаар тэрбээр Олимпуудаас нийтдээ 14 медаль хүртээд байгаагаас 9 нь алтан медаль бөгөөд энэ амжилтаараа ЗХУ-ын нэрт гимнастикч Лариса Латынина-тай эн зэрэгцэж очлоо. Украин гаралтай Л.Латынина 50 орчим жилийн өмнө гурван Олимпод оролцохдоо 9 алтан медаль хүртсэн юм.
Спортын гимнастик
Бямба гарагт Америкийн гимнастикч Симона Байлс Парисын Олимпоос гурав дахь медалиа хүртсэнээр түүний авсан Олимпын алтны тоо 7 болов. Энэ удаад тэрбээр санаанд багтахын аргагүй маш хэцүү тулгуурт харайлтын элементийг амжилттай гүйцэтгэснээр ялалт байгууллаа. Мөнгөн медалийг Бразилын Ребека Андраде, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Жейд Кэри нар хүртэв.
Их Британийн “хүрэл өдөр”
Олимпын найм дахь өдөр Их Британийн багийн хувьд тун сайхан эхэлж, сэлүүрт завины эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн төрөлд алт ба хүрэл медалиуд хүртлээ.
Харин удалгүй спортын их гүрний хувьд дундаж хэмжээний амжилт гаргаж эхлэв. 4×400 м-ийн зайн холимог буухиад оролцсон гүйгчид, морин спортын баг, гимнастикийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд Жейк Жарман, виндсерфингийн төрөлд Эмма Уилсон нар хүрэл медаль хүртлээ. Ташрамд дурдахад, гимнастикийн чөлөөт дасгалд Филиппиний Карлос Эдриэль Юло улсынхаа түүхэнд анх удаа Олимпын алтан медалийн эзэн болов.
Албан ёсны бус дүнгээр, Хятадын баг 16 алтан медальтайгаар тэргүүлж байгаа бол АНУ-ын тамирчид 14 алттайгаар хоёрдугаарт бичигдэж байна. Өмнөх хэд хэдэн Олимпын наадмын дүнг харвал, америкчууд ийнхүү хоцорч явснаа удалгүй Хятадын багийг нэгдүгээр байрнаас нь ухрааж байжээ.