Өнөөдөр Монголчуудыг баярлуулж мэдэх Э.Дэлгэрмаагийн тухай баримтууд

0

Тэрбээр 1999 оны зургадугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ. Түүний аавыг Р.Энхсайхан, ээжийг Д.Цэдэвсүрэн гэдэг. Тэд Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчид юм. Э.Дэлгэрмээ айлын ууган охин. Тэр гурван дүүтэй. 2014 онд Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээнд спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж байв.

Өвөрхангай аймгийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. Мөн ҮБТДС-ийн төгсжээ. 2016 оноос “Мегастарс” клубт гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж буй.

Э.Дэлгэрмаа өрсөлдөгчөө цэвэр ялж финалд шалгарлаа

Тэрбээр анх 17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү булаалдахдаа Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт дийлдэн, мөнгөн медаль хүртэж байв. 2019 онд зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлж, нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гээс хүрэл, Д.Миндиашвилигийн  нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм. Дэвжээнд гарахаасаа өмнө намайг дэмжиж байгаа хүмүүс, эх нутаг, аав, ээж минь харж байгаа даа. Надад бууж өгөх,  буцах эрх байхгүй гэж өөрийгөө зоригжуулаад дэвжээнд гардаг хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн юм. 

Э.Дэлгэрмаа өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Сербийн Белград хотноо болж буй ДАШТ-ны 68 кг-ийн жинд Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпийн хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан билээ. Харин хагас шигшээд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед цэвэр ялж, ДАШТ-ны мөнгөн медалийн болзол хангасан юм.

   Мөн тэрбээр энэ оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Ингэснээр өсвөр, тэр U23, насанд хүрэгчдийн ДАШТ, Азийн аварга, Азийн наадам гээд л бүхий л ангилалаас медаль зүүсэн цөөхөн тамирчдын нэг болсон юм. 

Эх сурвалж: 24tsag.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *