Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 3.5 хувиар нэмэгдэв

0

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 1,280,199 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 756,037 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээр тээврийн хэрэгслээс төрийн болон орон нутгийн өмчит 2477 байгууллагын 18,664 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шар, хар, ногоон, цэнхэр гэж ангилдаг. Үүнээс нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй шар улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2765, хүнд даацын машин механизм бую хар улсын дугаартай тээврийн хэрэгсэл 13,252, эко автомашины ногоон улсын дугаартай 1,161 тээврийн хэрэгсэл байна.

Нийслэлийн иргэдэд 1200 автобус үйлчилнэ

Улаанбаатар хотын хэмжээнд орон нутгийн өмчит 5, хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж байгууллагын 1000 гаруй автобус иргэдэд үйлчилж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хөгжлийн корпорациар дамжуулан төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх аж ахуйн нэгж байгууллагад 600 ширхэг автобусыг эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон. Эдгээр байгууллагуудын эргэн төлөлтийн хөрөнгийг нийтийн тээврийн хөгжүүлэх санд хуримтлуулж төвлөрсөн хөрөнгөөр автобусны парк шинэчлэлийг хийж байгаа юм.

Одоо үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн 80 орчим хувийг парк шинэчлэлд оруулсныг холбогдох газраас мэдээлж байна. Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа их багтаамжийн автобуснаас багтаамж ихтэй буюу угсраа автобус нь үйлчилгээнд явахад хамгийн тохиромжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс 30 ширхэг угсраа автобусыг нэмэлтээр захиалж үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Өдөрт 500-600 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж олон цагаар автобус хүлээдэг асуудлыг шийдвэрлэх хүрээнд өмнө нь автобусыг богино эргэлтэд шилжүүлсэн удаатай. Энэ жилийн тухайд автобусны чиглэлд өөрчлөлт орохгүй гэдгийг нийтийн тээврийн газраас хэлж байна.

НТБГ-ын ТБСХ-ийн дарга Ш.Оюумаа: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 126 чиглэлд нийт 1069 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр бид автобусны тоог 1200 болгож нэмэгдүүлнэ. Энэ жил нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд бид 30 ширхэг угсраа автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэл хийсэн

 Энэ жил Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд нийт 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд 17.5 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй. Одоогоор “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварын авто замын ажил үргэлжилж буй бөгөөд 45 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнээс гадна борооны ус ихээр тогтдог Нарны гүүрний урд хэсэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Яармаг, 22-ын товчоо, Тахилтын нүхэн гарц, Төмөр замын төв буудал зэрэг зургаан байршилд ус зайлуулах шугам хоолойг хийхээр болсон.  Энэ онд нийт 125,996 м2 нүхэн эвдрэл засварлахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 80 гудамж замд 55,218 м2 нүхэн эвдрэл засварлаад байна.

Нийслэлийн 13 байршилд 15.1 км шугам хоолойг засах засварын ажил үргэлжилж байна

“УБДС” ТӨХК-аас нийслэлийн 13 байршилд 15.1 км хоолойн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал УДЭТ-аас Чойжин ламын музей, Сонгдо эмнэлгийн арын хэсэг, Багшийн дээдийн уулзвар хүртэлх 2ф350 мм-ийн голчтой шугамыг 2ф 500 мм-ийн болгон өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд шугам хоолойн засварын ажил ирэх 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусна.  Ирэх 08 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал Сүхбаатар дүүргийн 01,08 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын урд зам болон багшийн дээдийн баруун талын хэсэгт зам сэтлэх ажил хийгдэх тул дээрх хугацаанд авто замыг түр хугацаанд хааж шугам хоолойн засварын ажлыг гүйцэтгэнэ.

Он гарсаар эхний хагас жилд зам тээврийн ослын улмаас 532 хүүхэд гэмтэж 26 хүүхэд амиа алджээ

 Урин дулааны улиралд дотоодын зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Түүнийг дагаад зам тээврийн ослын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 532 хүүхэд гэмтэж 26 хүүхэд нас бараад байгааг тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээлэл 13,657 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, цахилгаан мопедоор замын хөдөлгөөнд оролцож улмаар зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлага байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Аливаа иргэн өөрөө явагч механизмыг ашиглахын тулд замын хөдөлгөөний тодорхой заалтуудыг дагаж мөрдөх заалттай. Тухайлбал 0-10 хүртэлх насны хүүхэд зөвхөн харгалзах хүнтэй стандартын шаардлага хангасан зам дээр зорчих, 10-14 насны хүүхэд дугуйн болон явган хүний зам дээр хамгаалах хэрэгсэлтэй зорчих, 14-18 насныхан унадаг дугуйн замаар зорчино, хэрэв унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна гэж заасан байдаг. Хэрэв бага насны буюу 0-10 настай хүүхэд харгалзах хүнгүйгээр дээрх хэрэгслийг унаж байх үедээ бэртэж гэмтсэн тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцдог гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *