Эгийн голын УЦС-ын төслийг эрчимжүүлэх тухай саналаа илэрхийлжээ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, газрын дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 17 байгууллагын төлөөлөл оролцсон байна.
ТББ-уудын төлөөлөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт тулгамдаж буй Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үнэ тариф, салбарын либералчлалыг эхлүүлэх, Эгийн голын УЦС-ын төслийг эрчимжүүлэх талаар тодорхой санал тусгуулах хэрэгтэй байгааг хэллээ.
Түүнчлэн улсын төсвөөр хийж буй ажлын эрхийг шилжүүлдэг, орон нутагт тендер зарлаж дүгнэдэг байдлыг зогсоох, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар саналаа илэрхийлсэн байна.
Мөн эрчим хүчний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа хумигдаж байна гээд Төр-хувийн хэвшлийн түншлэлд төрийн зарим үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж үе шаттай зохион байгуулах хүсэлтээ уламжилжээ.
Сайд Б.Чойжилсүрэн төрийн бус байгууллагын төлөөлөлүүдтэй хийсэн уулзалтыг “Ажил хэрэгч” хэмээн тодотгоод тавьсан санал, хүсэлтийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөлттэй жил бүр уулзаж байхаа дурдсан байна.