Одоо больё оо, Т.Сүхболд оо, Ц.Ням-Очир оо!

0

Наадам, олимп гээд хөөр баяртай өдрүүдийн “хөөс”-нд 21 настай залуугийн халуун амь хууль хэрэгжүүлэх байгууллагынхны дунд хохирсон ноцтой хэрэг дарагдаж өнгөрөх ёсгүй! Харамсалтай нь ойрын өдрүүдэд цагдаагийн байгууллагад ажилладаг хууль сахиулагчдад холбогдох гэмт хэргүүдийн тоо улам нэмэгдсээр байна. “Цагдаа буруутай нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ” гэж ЦЕГ-ын дарга “тоглоомоор” хэлээгүй л юм бол одоо хариуцлагаа хүлээх ёстой. АТГ-аас хийсэн шалгалтаар Баянгол дүүргийн цагдаагийн мөрдөгчид амиа алдсан 21 настай иргэнийг байцаахдаа камерын чиглэлийг зориуд өөрчилсөн, мөрдөгч нарын өрөөнд камер байрлуулаагүй, дотоод орчныг хянах камер бүрэн ажиллахгүй байсныг тогтоосон гэдгийг олон нийтийн өмнө хариуцлагатайгаар мэдэгдсээр байхад өнөөдрийг хүртэл нэгжийн дарга нарт хариуцлага тооцдоггүй юм уу? ХЭҮК нээлттэй сонсголын үеэр “Эрүүдэн шүүсэн цагдаагийн алба хаагчдыг яллагдагчаар татаагүй” гэж мэдэгдсэн. Ингээд зөвхөн ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаас өөр хэнд ч хариуцлага тооцохгүйгээр энэ асуудлыг орхих уу?

Сөрөг хүчин суларсан ч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд идэвхтэй дуу хоолойгоо илэрхийлдэг олон нийт ард иргэдийн эрх ашгийн үүднээс үүнийг шаардана. Тасралтгүй шаардах болно.  

Факт ярьцгаая. Ердөө гуравхан хоногийн өмнө буюу 2024 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд бусдыг хүчирхийлэх гэмт хэрэгт үйлдсэн, үүний өмнөхөн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёр ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хоёр иргэний амь насыг хохироосон, мөн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын нэр бүхий алба хаагч нар мөн л тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад хоёр иргэнийг хүндээр гэмтээсэн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Энэмэтчлэн үргэлжилж байна. Эдгээр болон цагдаагийн алба хаагчидтай холбоотой гэмт хэргүүдийг ЦЕГ-ын даргын хэлээд байгаа албаны шалгалтаар илэрч үү? Ер нь шалгаж байгаа юу гэдгийг нягталж шалгах шаардлагатай шүү, ХЗДХ-ийн сайд аа!

Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэр бүхий алба хаагчид бага насны хүүхдийг хүчирхийлсэн нь шүүхээр тогтоогдож нэг алба хаагч олон жилийн ял сонссон, бусад гурван алба хаагч чухам яаж уг хэргээс мултарсан нь бас л сонирхолтой. Угтаа бол анх дөрвөн алба хаагчаа гавлаж зураг, бичлэг хийж олон нийтэд мэдээлж байсныг олон нийт санаж байгаа байх.  “Тогтоогдсон бол хариуцлага хүлээнэ” гэдэг амлалтад тань энэ хэрэг хамаагүй юу, ЦЕГ-ын дарга аа? 

Хариуцсан үүрэг чиглэлийнхээ дагуу хамгийн түрүүнд Т.Сүхболд, Ц.Ням-Очир нар хариуцлага хүлээх ёстой. Та нар генерал цолоор шагнуулчихаад ажиллаж байгаа байгууллагаа ч өнгөтэй өөдтэй аваад явах эрдэм ухаанд суралцаагүй, “түүхий” байснаа үйл ажиллагаагаа, үр дүн, харилцаа, хандлагаараа харуулж байна. Үүний илрэл нь “цэргүүддээ” хүлээн зөвшөөрөгддөггүй генералуудаар удирдуулж байгаадаа харамссан салбарынхны чинь гомдолтой яриа хөөрөөнөөс тодорхой харагддаг.

Дээрх ноцтой хэргүүдийн төлөө цагдаагийн байгууллагуудын газар, хэлтэс, шат шатны нэгжийн удирдлагууд хариуцлага хүлээсэнгүй. Энэ ажлыг хэн хийх ёстой вэ? Яагаад хийхгүй байна вэ? Зөвхөн ЦЕГ-ын Дотоод хяналт хариуцсан Дэд даргыг л “явуулах” нь чухал байсан бололтой.  “Цагдаагийн байгууллага шударга хүнд халгаатай болжээ” гэцгээж байна. Салбарынхныхаа санал шүүмжлэл, санаа бодлыг сонсож ажиллах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, түүнийг “явуулсан” ч гэсэн цагдаагийн алба хаагч гэмт хэрэг үйлджээ. Гэхдээ нуун дарагдуулаад байгаа юм байна, тийм үү? Энэ нөхцөл байдалтай тэмцэх, хариуцлага тооцох, хуулийг чанд мөрдөхийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Та хүсэж байна уу?

Ийм гэмт хэргүүдийг нягталж шалгахгүй, хариуцлага тооцохгүй, нялуурч хуйвалдах нь сөрөг хүчин Засгийн газарт хамтарч буйн шинж тэмдэг гэж ойлгох уу? Олныг нуршаад яах вэ, хариуцлага ярья. Т.Сүхболд, Ц.Ням-Очир нар цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллав? Түүний хэдэн жилд нь хамтарч ажиллав? Генерал болтлоо сайн ажилласан юм бол, салбартаа хайртай юм бол, саар бүхэнтэй нь тэмцэж чадахгүй юм бол одоо зайгаа тавьж өгч Цагдаагийн байгууллагаа “хайрлавал” яасан юм бэ? Хатуухан хэлэхэд өнөөдөр Цагдаагийн дарга нараас нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг хайрлаж харамлатал муу ажиллаж байна шүү дээ. Батлах шаардлагагүй, үүнийг олон нийт харж байна. Өдөр тутам!

Эцэст нь хэлэхэд дуулиан тариагүй, нийтээрээ сошиалаар шуугиагүй л бол ноцтой хэрэг зөрчил биш гэж үзэхгүй биз дээ, ХЗДХ-ийн Сайд аа. Дээр дурдсан цагдаагийн алба хаагчдын үйлдсэн гурван хэргийг шалгаж үзээд, олон нийтэд хариу мэдэгдэхийг Ард нийтийн амар тайван амьдралын төлөө, нийтийн эрх ашгийн үүднээс Танаас шаардаж байна. “Одоо больё оо, Т.Сүхболд оо, Ц.Ням-Очир оо!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *