“SXCoal”: Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ 20-30 юаниар буурч, тонн нь 1250-1280 юань болов
БНХАУ-д дотоодын коксын зах зээл суларч, эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт буурснаар Монголоос нүүрс авдаг гол боомтуудад импортын коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг “SXCoal” мэдээлжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтод Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ 20-30 юаниар буурч, тонн нь 1250-1280 юань болсон бол III ангиллын угаасан коксжих нүүрсний үнэ 1460-1480 юань орчимд хэлбэлзэж байна. Түүнчлэн Цагаан хад суурьшлын бүсээс Ганцмод боомт хүртэл нүүрс тээвэрлэх зардал сүүлийн найман өдөр дараалан буурч, тонн нь 115 юань байснаас 110 юань болоод байгааг “SXCoal” онцолсон байна. Нүүрсний биржийн арилжаан дээр ч мөн үнийн уналтын нөлөө ажиглагдаж байна. Тухайлбал: долоодугаар сарын 31-нд “Energy Resource” компани 19 мянга 200 тонн III ангиллын коксжих нүүрсийг тонныг нь 1170 юаниар арилжих хэлцэл хийжээ. Энэ нь тус компанийн сүүлд хийсэн арилжаанаас тонн тутамдаа 10 юаниар доогуур, мөн тавдугаар сарын эцсээс хойших хамгийн бага дүнтэй арилжаа болж байна. Гангийн үнийн уналт үргэлжилж, алдагдал нь нэмэгдэж байгаа тул БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн зүгээс коксын үнийг бууруулах хүсэлт гаргаад байгаа аж. Энэ нь кокс үйлдвэрлэгчдийн дунд Монголын нүүрс зэрэг түүхий эд татан авах сонирхол нь буурах нөхцөл болж байгааг “SXCoal” онцолж байна.