Олимпын наадамд хөдөлгөөн засалч, мэргэжлийн эмч нар явсан

0

 -Баримт нэн тэргүүнд сүлжээнээс нягталсан мэдээллийг хүргэж байна-

2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр Threads платформ дээр saruka.b гэх хаягнаас “Бидний хөрөнгөөр зугаацаж байгаа 120 албаны хүн дотор нь ганц ч эмч харагдахгүй юм. Төсөвлөөд ядаж дунд нь 2 эмч, 2 сэтгэлзүйч авч яваачээ!!! Өчигдөр хүртэл Басхүү гэмтэхэд эмч ч байхгүй.. Нутгийн эмч бсан бол сэтгэлд ч ойр… Арай дэндүү юмаа…@Монголын олимпын хорооноос бүр шаардмаар байна… Хамгийн чухал улс байхгүй шүү!” гэх постыг нийтэлжээ. Уг пост 878 реакц, 49 сэтгэгдэл авчээ. 

Бид дараах байдлаар шалгалт хийлээ  

Монголоос хоёр эмч, нэг хөдөлгөөн засалч олимпын багт явжээ 

Энэ талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалж болох Монголын Үндэсний Олимпын Хорооны хэвлэлийн албанаас тодрууллаа. “Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат эмч Ч.Насанбат багтсан болно” гэлээ.  

“Бидний мөнгөөр зугаацаж байгаа 120 албаны хүн” гэх мэдээлэл худал 

Тухайн улсын албаны хүмүүст ноогдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол Улсаас 32 тамирчин эрх авсан учир 16 албаны хүн буюу team officials оруулах боломжтой болсон. Үүнд МҮОХ-ны штабын ажилтнууд, шигшээ багийн дасгалжуулагчид болон бусад албан хаагчид бүгд багтана. Албаны хүмүүс нь зөвхөн тухайн спортын тэмцээн явагдах заал танхим болон бэлтгэлийн зааланд нэвтрэх эрхтэй мандаттай байдаг.  

Албаны 16 мандатын мөн 50 хувь нь солилцооны эрхтэй (transferable) байдаг. Хэрэв энэ боломжоо бүрэн ашиглавал Монголын баг тамирчидтай хамт албаны 24 хүртэлх хүн дагалдах боломжтой гэсэн үг. Гэхдээ Монголын баг жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг transferable байдлаар төлөвлөсөн байна.

Жишээ нь, Монголын жүдо бөхийн шигшээ багийн хувьд эхний өдөр хөнгөн жингийн дасгалжуулагч МУГТ М.Бундмаагийн мандатыг сүүлийн өдрүүдэд хүнд жингийн дасгалжуулагч Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатараар солих зохицуулалт хийсэн байна.  Энэ тохиолдолд М.Бундмаагийн эзэмшиж байсан мандат хүчингүй болж, тэмцээний заал, танхимд нэвтрэх эрхгүй болно. Эдгээр нь зохион байгуулах хорооноос үүсгэсэн онлайн систем дээр бүртгэгдэж, өндөр хараа хяналтын дор зохицуулагддаг байна.

Үүнээс гадна хүндэт зочдын тусгай урилга бий. Энд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хамгаалалтын ажилтан, дагалдах зочин гээд нийт 5 хүртэлх хүний хамт, ОУОХ-ны гишүүн (Б.Баттүшиг) дагалдах гурав хүртэлх хүний хамт, МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар дагалдах хүний хамт олимпын наадамд оролцох эрхтэй бөгөөд зардлыг Олон Улсын Олимпын Хороо, түүний Эв нэгдлийн сангаас гаргадаг байна.

ОУОХ-ны гишүүн, дагалдах зочны зардлыг ОУОХ-оос бүрэн даадаг

  • Тамирчдын тосгонд амьдрах зардлыг Олон Улсын Олимпын Хорооноос бүрэн даадаг. Үүнд шигшээ багийн тамирчид болон тосгонд нэвтрэх эрхтэй албаны хүмүүс багтана. 
  • МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон штабын ажилтнуудын зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас даадаг. 
  • ОУОХ-ны гишүүн, дагалдах зочны зардлыг ОУОХ-оос бүрэн даадаг. 
  • МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд замын зардал болон байрны зардлыг өөрсдөө гаргадаг. 
  • Спортын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд замын зардал болон байрны зардлаа өөрсдөө гаргадаг. МҮОХ-нд энэ жилийн тухайд 1 пресс атташе, 3 сэтгүүлч, 2 гэрэл зурагчны мандат хуваарилагдсан болно.

Олимп үзэх тасалбарыг онлайнаар захиалдаг болсон тул хүссэн хүн бүр явах боломжтой болсон 

Энэ удаагийн Олимпын наадмаас эхлэн ОУОХ-оос тэмцээн уралдааны тасалбарыг онлайнаар нээлттэй худалдаалах болсон. Өмнө нь гэрээ байгуулсан аяллын компани онцгой эрхтэйгээр өөрсдийн улс орондоо тасалбар борлуулах эрхийг эзэмшдэг байв. Тиймээс энэ жилийн наадамд үзэгчээр оролцох боломжтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэж үзэж болно. Монгол Улсаас хэдэн ч хүн онлайнаар тасалбар худалдан авах боломжтой болсон.

  • Тэгэхээр олимпын үеийн зураг, бичлэгээ нийтэлж байгаа 120-оос ч илүү монгол үзэгч байх боломжтой ба тэдгээр нь онлайнаар тасалбараа аваад, өөрсдийн зардлаар явсан гэсэн үг.  

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *