“Чингисхаан” банканд 8 жилийн өмнө ИНЕГ-аас хадгалуулсан 2.6 тэрбум төгрөгийг өнөөг хүртэл олж авч чадаагүй байгаа аж
Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд “Чингис хаан” банканд 2.6 тэрбум төгрөг хадгалуулсан ИНЕГ-ыг уг мөнгөн хөрөнгийг татан авах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг аудитын байгууллагаас зөвлөсөн байна.
Тодруулбал, ИНЕГ нь 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Чингисхаан” банктай харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тус банк дахь … тоот харилцах дансанд 2.6 тэрбум төгрөг байршуулсан байна. Улмаар байршсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийх, түүнчлэн банк нь харилцагчийн харилцах дансны нэг сая төгрөгөөс дээш үлдэгдэлд 3.6 хувийн хүү тооцож олгохоор тус тус тохиролцсон байна. Гэсэн ч “ Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдсоноос болж, ИНЕГ дээрх мөнгөн хөрөнгөө авч чадахгүйд хүрсэн байдаг. Улмаар тухайн газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхээс ИНЕГ-ын 2.6 тэрбум төгрөгийг гаргуулж, өөр нэг арилжааны банкны дансанд шилжүүлэхийг “Чингис хаан” банкныханд даалгаж байсан юм. Мөн улсын тэмдэгтийн хураамжид 13 сая гаруй төгрөг гаргуулж Төрийн санд оруулах шийдвэрийг гаргасан байдаг.
Гэсэн ч “Чингис хаан” банк эл мөнгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байгаа аж. Тиймээс ч аудитын байгууллагаас тус мөнгөн хөрөнгийг татан авах асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн байна. Энэ дагуу ИНЕГ-ын даргын 2024 оны зургаадугаар сарын 20 -ны өдрийн 01/1368 дугаар албан бичгээр “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Чингис” хаан банктай холбоотой авлага барагдуулах ажлыг түргэвчлэх талаар хандсан байна.
Ташрамд өгүүлэхэд, “Чингис хаан” банк нь 2001 онд ОХУ-ын санхүүжилтээр байгуулагдсан бөгөөд 2015 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн аж. “Чингис хаан” банк нь өдгөө “Нью стандарт финанс” ХХК-ийн 100 хувь эзэмшилд байдаг. Харин “Нью стандарт финанс”ХХК-ийг Д.Батаа 40 хувь, Ш.Бүтэд 32 хувь, Ц.Баярсайхан 28 хувь эзэмшиж байна. Гэтэл “Чингис хаан” банкны удирдлагууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, 68 тэрбум төгрөгийн зээлийг өөрсдөө авсан гэх бөгөөд үүнээс үүдэж, банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэх мэдээлэл ч байна.