Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9.0 хүртэл сая төгрөгийн торгуультай
Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны 08-р сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна.
Өөрөөр хэлбэл тухайн ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликейшнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх ба харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй. Мөн ebarimt аппликейшний хялбар цэсэд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтад онц чухал үр нөлөөтэй Замын-Үүдээс ачаа тээврийг ачаалал үүсгэхгүйгээр, түргэн нэвтрүүлэх” чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу ийнхүү улсын хэмжээнд 8 дахь иж бүрэн цахим ТАЦ ашиглалтад ороод байна. Замын-Үүдийн цахим ТАЦ-ын хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг ба жин даацын хяналттай холбоотой ачаалал, маргаантай асуудал маш их үүсдэг. Тэгвэл ТАЦ цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж хүний оролцоо бүрэн халагдаж байгаа юм. ТАЦ цахим болсноор жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222-р тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тн\км-ээр тооцож авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг онцолж байна.
Тухайлбал зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900.0 мянгаас 9.0 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна. Иймд тээвэрчид, жолооч нар даац хэтрүүлэхгүй тээвэр хийж, авто замаа хамтдаа хайрлан хамгаалж, цахим төлбөрөө төлөн хөгжил дэвшлийг дэмжиж, нутагшуулахад хамтран ажиллахыг уриалж байна.
ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС
ХЭТЭРСЭН ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ (хувиар) | 1 км тутамд оногдохтөлбөрийн хэмжээ (төгрөг) |
2<10 (10 орно) | 1500 |
11<20 (20 орно) | 2500 |
21<30 (30 орно) | 5000 |
31<50 (50 орно) | 7500 |
51< дээш | 15000 |
Нам аралтай чиргүүл | 2500 |
Тусгай зөвшөөрөлгүй тээвэрлэлт гүйцэтгэсэн, тогтоосон маршрут, чиглэл зөрчсөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ | Үндсэн төлбөр дээр нэмж тооцох төлбөрийн хэмжээ (хувиар) |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 2-10 хувь (10 орно) | 50 |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 11-50 хувь (50 орно) | 100 |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 51-ээс дээш хувь | 200 |