ЗАВХАН: Дуудлага худалдаанаас олсон орлогын 50 хувийг уур амьсгалын санд төвлөрүүлдэг

0

Завхан аймаг тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаагаар энэ жил 40 орчим сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлжээ.

Энэ талаар Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас асууж тодруулав. 

-Энэ жил Завхан аймаг тусгай зориулалтаар агнуурын амьтныг ямар тушаал, шийдвэрээр агнуулав?

-Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/194 дүгээр тоот захирамжаар байгуулагдсан дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг нь, Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу аймгийн агнуурын бүс нутгаас тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдааг зохион байгуулсан. Нийт 29 толгой амьтан агнуулах цахим дуудлага худалдааг хоёр удаа буюу 2024 оны 5 дугаар сарын 06, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус аймагт тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах шаардлагуудыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид эрх олгох дуудлага худалдааг цахимаар зохион байгуулсан юм.

Дуудлага худалдаанд 3 аж ахуйн нэгж нэг иргэн оролцсон.

-Нийт 29 толгой амьтан агнуулсан юм байна, тодруулж хэлэхгүй юу?

-Тийм ээ. Тусгай зориулалтаар агнуурын амьтдаас нэг толгой угалз, 8 толгой халиун буга 10 толгой цагаан зээр, 6 толгой саарал чоно, 5 толгой тэхийг агнасан. Эдгээр амьтдыг Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдын агнуурын бүс нутгаас агнаж байна. Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барьдаг. Энэ жилийн хувьд “Яагд энд тур” ХХК, “Зэв Хантинг Энд Сафари Турс”  Монгол айл ХХК-ууд  шалгаран агнуурын эрхээ авч, гэрээ байгуулсан байна. 

-Өнгөрсөн онд хэчнээн толгой амьтныг агнуулсан бэ? 

-2023 онд Завхан аймаг тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаагаар 72.5 сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна. Энэхүү дуудлага худалдааг мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/215 тоот тушаалаар зохион байгуулж, хоёр толгой угалз, зургаан толгой халиун буга, дөрвөн толгой тэхийг тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон.

-Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаанаас олсон орлогыг хэрхэн яаж зарцуулдаг юм бол?

-Жил бүр зохион байгуулж байгаа эдгээр дуудлага худалдаанаас орсон орлогыг төсөвт төвлөрүүлж, орлогын 50 хувийг нь уур амьсгалын санд, харин 50 хувийг нь аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулдаг. Түүнчлэн хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байна.

-Завхан аймаг хэдэн оноос тусгай зориулалтаар ан агнуулдаг болсон бэ?

-Завхан аймаг 2014 оноос эхлэн Амьтны тухай хуульд заасны дагуу, тусгай зориулалтаар гадаадын иргэнд ан агнуулж эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт 10 суманд тусгай болон ахуйн зориулалттай ан агнах 11 бүс байгуулсан. Харин гадаадын иргэнд тусгай зориулалтаар дөрвөн суманд таван агнуурын бүс нутагт ховор амьтан агнуулж байна.  

Тухайлбал Шилүүстэй, Яруу сумаас угалз, тэх, Алдархаан сумаас тэх, Алдархаан, Цагаанхайрхан сумаас халиун буга агнаж байгаа. Түүнчлэн ахуйн зориулалтаар агнах амьтны захиалгыг сумдаас авч, хуулийн хугацаанд нь БОАЖЯ-нд хүргүүлээд хуваарь ирсний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр сумдад хуваарилуулан батлуулдаг журамтай юм. 

Мөн иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

-Танд баярлалаа.

Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах үеийн хяналтын ажлыг хийж байна

Тусгай зориулалтын ан хийсэн байдал

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *