Улсын Их Хурлын шинэ гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2024.08.08) зохион байгууллаа.
Энэ удаагийн парламент нь Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуульд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй гэдгээрээ онцлогтой юм. Шинэ гишүүдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр, “Улсын Их Хурал олон нийтийн төлөөллийг бүрэн хангадаг, олон нийт нь хүлээн зөвшөөрдөг, гишүүд нь олон нийтийнхээ төлөө ажиллаж чаддаг парламент байх ёстой. Парламентын засаглалыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд өөрөө институц болж чадсан үед улс төрийн намуудыг дэмжих, цаашдаа төрийн бодлогод өөрсдийн хүч оролцоо, бодлого, хөтөлбөрийг оруулж чаддаг тогтолцоог бий болгох нь чухал” гэв.
Мөн тэрбээр “1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санааны дагуу хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох үйл явц үргэлжилж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн 437 нь нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг, заавал биелэгдэх шинжтэй, байнгын үйлчлэлтэй байгаа бол бусад 443 хууль нь тодорхой хугацаанд үйлчлэхээр заасан, нэг удаагийн шинжтэй байна. Нөгөөтээгүүр, зарим хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулалт хийх, хуулийг ерөнхий байдлаар баталж, албан тушаалтны өнгө үзэмжээр боловсруулан батлан мөрдүүлдгээс үүдэн хүнд суртал, давхардал, хийдэл, чирэгдэл бий болох, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил ч гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлтэй 2500 орчим журмаар төр-иргэний харилцааг зохицуулж байна. Хуулиас давсан журам нь иргэдэд хүндрэл чирэгдэл үүсдэг” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг сахиж, хуулийн болон цаг хугацааны хоцрогдолд нэн шаардлагатай шинэчлэл хийхэд гишүүн бүр өөрийн мэргэжил, мэргэшсэн салбартаа хуулийн шинэчлэл хийж, гар бие оролцохыг уриалаад ирэх дөрвөн жилд төрийн эрх барих их үйлсэд нь амжилт хүслээ.
Тус сургалтаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ”, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль”, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн “Улсын Их Хурлын гишүүний төсөв, хангамж”, МУИС-ийн профессор, доктор Д.Бумдарь “Парламентын мөн чанар, лобби”, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн орлогч дарга Т.Тамир “Төрийн ордны хамгаалалт, эрх зүйн байдал” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулав.
Түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд холбогдох мэдээллийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.