“Хуурай боомт байгуулахаар судалгааны тендер зарлахад салбарын бус компани шалгарчихсан байдаг”

0

Монголын тогтвортой цахим худалдаа болон тээвэр сэдэвт хурал өнөөдөр боллоо.Энэхүү хуралдаанаар Монгол Улсын хуурай боомтын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Энэ үеэр Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасантай Монгол Улсын тээвэр ложистикийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцлаа.

Тэрээр “Монгол Улсын худалдаа болон ДНБ жил ирэх тусам өссөөр байна. Гэхдээ хатуу дэд бүтэц буюу Чингис Хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүдийн боомтын хүчин чадал, Улаанбаатарт ачаа бараа буулгах терминалуудын хүчин чадал, үйл ажиллагаа нь хоцрогдчихсон.

skip-share

Нэг яамны удирдлага солигдлоо дахиад л шинэчилсэн судалгаа хийх болно.

Манай улс төмөр замаар хоногт 1,2 вагон буюу өдөрт 70-80 чингэлэг ачааг Улаанбаатарт буулгаад 7-10 хоногтоо буцаагаад гаргадаг. 1990 оноос хойш энэ системээр ажиллаж өнөөдрийг хүрлээ.  

Гэтэл бид хэдхэн жилийн өмнө Эрээн хотыг ачааллаа нэмэхгүй байна гэж ярьж, шаардлага тавьдаг байсан. Харин тэд хоёр жилийн хугацаанд терминалынхаа хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлчихсэн. Чингэлэг ачааныхаа тоог нэмье гэхээр Замын-Үүдийн хүчин чадал дийлдэггүй.

Тяньжины боомтод манай улсын ачаа хэдэн сар гацлаа. Нийт импортоор орж буй ачааны 50 хувийг БНСУ, Японы автомашинууд эзэлж байна. Одоо бид ямар арга хэмжээ авч байна вэ гэвэл яаралтай ачаануудаа Улаанбаатарт авчраад бусдыг нь боломжит Гаалийн хяналтын бүсүүдэд буулгая гэж тохиролцоод ажиллаж байгаа. Сард 2000 гаруй чингэлэг Монголд орж ирдэг. Энэ бол гэхдээ “гал унтраах түр зуурын” л арга.

Тиймээс бид ирээдүйд хуурай боомт байгуулах ёстой. Монгол Улсад хуурай боомт байгуулах төсөл 2010 оноос хойш хэрэгжиж эхэлнэ гэж яригдсаар л байна. Энэ талаарх судалгааны бичиг баримт нэг өрөөг дүүргэх байх. Нэг яамны удирдлага солигдлоо дахиад л шинэчилсэн судалгаа хийх болно. Судалгаа хийлгэх гээд ТЭЗҮ, тендер зарлахаар салбарын бус компаниуд нь очоод шалгарчихсан байдаг. Гэтэл энэ компаниуд тээвэр ложистикийн онцлогийг ойлгохгүй, мэддэггүй.

Энэ байдлаараа удвал Монгол Улсын худалдааны эрчим ирээдүйд саарна. Тиймээс яаралтай Замын-Үүдэд шинээр терминал барьж байгуулах ёстой. Мөн шинээр Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон төмөр замыг барих ёстой. Энэ ажлыг Монгол Улс өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хэрэгтэй.  

skip-share

“Ложистикийн салбарын асуудлыг мэддэг хувийн хэвшлүүд гарц гаргалгааг нь хэлэхээр төрийн дунд шатны байгууллагууд сонсохыг хүсдэггүй”

Манай улсын ложистикийн салбарыг хариуцдаг газар нь Зам тээврийн яаманд харьяалагддаг. Харин хуурай боомтыг нь Монгол Улсын Далайн захиргаа нь хариуцна.  Ингээд ерөөсөө энэ салбар төрийн нэгдсэн том удирдлага, менежментгүй, хувийн хэвшлүүдээ тоохгүй орхигдуулаад байна. Ядаж энэ салбарыг хариуцдаг төр, хувийн хэвшлийн тээврийн корпорацтай болох хэрэгтэй байна. Яг асуудлыг нь мэддэг хувийн хэвшлүүд нь гарц гаргалгааг нь төрийн байгууллагад нь хэлэхээр хэл амаа ойлголцохгүй хэдэн жил өнгөрч байна.  

Нарийн царигтай, хос төмөр зам барих эрхийг нь хувийн хэвшлүүддээ өгдөггүй. Энэ талаарх шийдэл нь ч байхгүй, яригддаггүй. Чойр-Замын-Үүд хүртэлх бүс хамгийн их ачаалалттай байдаг. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэдэг. Чойроос- Замын-Үүд хүртэл 500 км байдаг.  

Таван толгой төмөр замыг хоёр жил, Ханги-Мандал төмөр замыг нэг жилийн дотор монгол компани барьчихсан шүү дээ. Төмөр зам барихад өндөр өртөгтэй. Монгол Улс тээврийн салбараа хөгжүүлье гэвэл төр хувийн хэвшил хамтарч хамгийн боломжит үнийн дүн бага байхаар ярилцаж шийдэл гаргах хэрэгтэй байна.

“Хил дээр ирсэн чингэлгүүдээ хот руу явуулах уу, болих уу. За, Улаанбаатарт ачаа гайгүй юм байна явуулчих гэсэн л хоцрогдсон системээр яваад байна”

Ложистикийн салбарыг хариуцдаг байгууллагууд нь бүгд тусдаа цахим системтэй. Энэ салбарыг нэгдсэн системтэй болгох бүрэн боломжтой. Монголын IT компаниуд тээврийн компаниудын мэдээллийг нэгтгэх систем бүтээчихсэн. Жишээ нь би Вьетнамаас ачаагаа авмаар байх юм бол систем рүүгээ нэвтрээд хэд, хэдэн тээврийн компанийн мэдээлэлттэй танилцаад ачаагаа хүргүүлчих боломжтой. Гэтэл одоо манай улсын хилээр чингэлэг нэвтэрлээ, ачааг нь шалгахын тулд гаалийн байцаагч нь цаасаар бичиг баримтыг нь шалгана. Энэ процесс 2,3 хоног үргэлжилнэ.  

Цахим системээ хөгжүүлчихвэл Qr уншууллаа- бараа, бичиг баримтыг нь шалгалаа-72 цагийн дотор чингэлэгээ Улаанбаатарт буулгаад буцаах бүрэн боломжтой. БНХАУ, БНСУ энэ системийг хэрэгжүүлээд туршлагатай болчихсон. БНСУ-аас уг системийг манай улсад санал болгоод хурал, уулзалт зохион байгуулсан.  

Одоо бол хил дээр ирсэн чингэлгүүдээ хот явуулах уу, болих уу. За, Улаанбаатарт ачаа гайгүй юм байна явуулчих гэсэн л хоцрогдсон системээр яваад байна” гэв.

Хуралдаанаар хуурай боомтуудыг цахим системээр чадавхжуулах гол асуудлуудыг хэлэлцсэний дараагаар Монгол Улсад өгөх зөвлөмжүүдийг дэвшүүлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *