БУЛГАН: Орхон сумын бугын дүрслэлт 5 цувраа хөшөөг судар мэт уншиж болно

0

Булган аймгийн Орхон сумын төвд Орхон голын хойд дэнжид босоо, унасан нийт таван буган хөшөө, хиригсүүр, далангийн хэлбэр нь тодорхойгүй чулуун булшнууд бий.

1-р буган хөшөө. Саарал өнгийн чулууг засалгүй, нүүрэн талд долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Дөрөв дэх буганы харалдаа толь, бусад багануудын доор хуйтай чинжал хутга сийлжээ. Баруун хажуугийн нарийн хавтгайд хошуугаар нь хөшөөний оройруу харуулсан гурван бугыг загварчлан урласан байна. Хөшөөний өндөр 1.8 м, өргөн 0.3 м, зузаан 0.25 м юм.

2-р буган хөшөө. Нэгдүгээр буган хөшөөний урд орших ба саарал өнгийн гантиг чулууг засалгүйгээр нүүрэн талд долоон буга загварчлан дүрсэлсэн нь мэдэгдэж, бусад сийлбэр бараг арилжээ. Хөшөө 2.3 м өндөр 1.4 м өргөн, 0.2 м зузаан. 

3-р буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш таван метрийн зайд, саарал өнгийн чулууны нүүрэн талын хавтгайд толь, мөн гурван буга, зүүн талын хавтгайд хоёр буга, баруун талд гурван бугыг хошуугаар нь хөшөөний оройруу хандуулан загварчлан дүрсэлжээ. Хөшөө 0.8 м өндөр, 0.4 м өргөн, 0.4м зузаан.

4-р буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүнтэй арван метрийн зайд цагаан саарал өнгийн чулууны нүүрэн талд хоёр цагирагтай нар, түүний доор хошуугаар нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулан гурван буга, зүүн урд ирмэгийг дагуулан хошуугаар нь хөшөөний суурь руу хандуулан нэг буга загварчлан дүрсэлжээ. Энэхүү хөшөөний баруун хажуугийн нарийн хавтгайд загварчлан дүрсэлсэн ганц буга сийлсэн байна. Хөшөө 1,3 м өндөр, 0.7 м өргөн, 0.2м зузаан.

5-р буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш 11 метрийн зайд хөх саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн бөгөөд хөшөө хажуу тийшээ хазайж газарт шигдсэн. Нүүрэнд нь загварчлан дүрсэлсэн нэгэн бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан дүрсэлж, түүнээс доош бөөрөнхий тольтой 40 см урт хутган жад цохиж гаргаад баруун хажуугийн хавтгайд гурван буга, зүүн хажуугийн хавтгайд нэг буга дүрсэлжээ. Хөшөө 1.7 м өндөр, 0.35 м өргөн, 0.25 м зузаан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *