Ж.Тэрбиш: Онцгой байдлын алба онцлог ихтэй учраас сайхан бүхэн нь намайг энэ албатай холбосон
Оноосон үүрэг, эрхэлсэн ажилдаа эзэн болж, чимээгүйхэн хөдөлмөрлөх хүмүүсийг харах урамтай сайхан. Хэн ч юу ч гэж байсан, хэний төлөө, юу хийхээ мэддэг давуу талууд нь эзнээ тодотгон гэрэлтүүлдэг байх. Энэ удаагийн ярилцах зочноо ийнхүү тодорхойлж байна. Түүнийг Жанцандоржийн Тэрбиш гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа дэд хурандаа цолтой алба хаагч юм.
—————————————————————————————————————–
-Ажил асуух гэж л тантай холбогддог. Харин энэ удаа ярилцахаар зориод ирлээ?
Юуны өмнө “Онцгой мэдээ” сониныхоо уншигчдынхаа энэ цаг мөчийн амрыг эрье. Үүргээ гүйцэтгээд ээлжнээсээ буух гэж байна. Амны билэгээр улс оронд минь гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол “багатай” хонолоо. Аялал, зугаалгын цаг ирж, үер, усны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дуудлага, мэдээлэл эрс нэмэгдсэн. Гол, нуур, цөөрмийн усанд иргэд эндэх тохиолдол ч их байна. Харамсмаар, халагламаар олон л мэдээллийг хүлээн авах юм. Ажил юм даа гээд “тайвширч” сууна даа.
-Хэдийгээр ажил ч сэтгэлзүйн хувьд маш том тэвчээрийг шаарддаг байх даа?
Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлагын дийлэнх хувь иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалж байна. Мэргэжлийн байгууллагаас зөвлөөд, мэдээллээд, уриалаад байхад л хэнэггүй хандах юм. Хүн эндэх бүрт л сэтгэл “сэмэрнэ”. Жаахан л хариуцлагатай байсан бол, түр хүлээсэн бол, аюулгүй байдлаа хангачихсан бол гээд л халаглах үе олон.
-Та бидний ярианаас ажлын онцлогийг нь сонирхож байгаа олон хүн байгаа байх?
Улсын хэмжээнд тохиолдож байгаа гал түймэр, гамшиг, ослын мэдээллийн дагуу шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж, иргэд, байгууллагын удирдлагад мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх үүрэгтэй. Ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Нөхцөл байдлаасаа шалтгаалаад тайван байх үе ч байна. Зарим үед цай уух ч завдалгүй үе бий. Тиймээс ажлын ачаалал өөр, өөр. Хэдийгээр ээлжээр үүрэг гүйцэтгэж байгаа ч юу болж байгаа бол, хаана, хэн аюулд өртөж байгаа бол гэж санаа чилээнэ.
-Ингэхэд та хэзээнээс Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх болсон бэ?
Би улсад 27 дахь жилдээ, Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрж, өссөн. Сумандаа арван жилийн сургуулиа төгсөөд Хилийн цэргийн дээд сургуульд элсэн суралцаж, 1997 онд “Команд, хилийн албаны ажилтан” мэргэжил ээзмшсэн. Ажлын гараа Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн 0129 дүгээр ангийн албаны бэлтгэл сургуулийн орлогч албан тушаалаар эхэлсэн. Улмаар 1999-2001 онд Хилийн 0151 дүгээр ангид ротын захирагч, 2011-2012 онд Зэвсэгт хүчний 017 дугаар ангид сургалтын менежер хийж байгаад 2012 оноос Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Онцгой байдлын алба өөрөө их онцгой шүү дээ. Бусдад тусалдаг, энэрэнгүй, аядуу хүний төлөө гэсэн чин сэтгэл гээд сайхан бүхэн нь намайг энэ албатай холбосон. Сүүлийн гурван жилийн хугацаанд 288 удаагийн томилгоот ээлжинд 6912 цагийн үүргийг гүйцэтгэж, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 1825 удаагийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан. Мөн “Гамшгийн голомтод болон хойшлуулшгүй үүрэг гүйцэтгэх үед шаардагдах албан хэвлэмэл хуудас, холбогдох зардал, техник хэрэгслийг олгох журам”-ыг батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж байна.
-Хүн бүрт зорьсон зорилго гэж байдаг. Таны хүсэл мөрөөдөл биелсэн үү?
Цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлсэн. Олон хүнд тусалдаг хүн болох зорилго минь албаны буянаар биелж байна. Сайхан хань, үр хүүхдүүдтэй. Бусдын адилаар л амьдарч байна.
-Ханьтайгаа хоёулаа тангараг өргөсөн. Бахархам сайхан шүү?
Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний хань Э.Отгонтуяа хүний их эмч мэргэжилтэй. НОБГ-т нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнээр ажилладаг. Бид оюутан байхдаа танилцсан. Том хүү Т.Пүрэвжаргал тусдаа амьдрал зохиож, бид хоёр ач хүүтэй болсон. Охин маань сэтгүүлчээр ажилладаг. Харин бага хүү маань энэ жил есдүгээр ангиа төгссөн. Хүүхдүүд том болохоор уулзалдах нь ховор болчихдог юм байна. Амралтын өдрүүдээр л хоолны ширээний ард уулзаж, ярилцах боломж гардаг.
-Аавын гарын хоолыг амтархан “зооглох” гээд яардаг байх?
Хоолны хувьд гэвэл монгол уламжлалт хоолоо хийх, идэх дуртай. Мах чанана, цуйван сэгсэрнэ гээд бүх төрлийн л хоолоо өөрөө хийдэг.
-Амралтын цагаараа өөртөө зориулдаг “хобби”-г тань сонирхмоор байна?
Өглөө эрт ууланд алхах, холын замд дугуй унах сонирхолтой. Бас монгол бөхийн хорхойтон. Бөхтэй өдөр зурагтынхаа өмнөөс өндийхгүй. Том барилдаануудыг бөхийн өргөөнд очиж үздэг, илүү чухалчилдаг гэж хэлж гэж болно. Мөн багаасаа л хөдөө өссөн учраас морь, мал их сонирхдог.
-Хүн бүрт бусдаас хамгийн эхэнд чухалчилж хардаг зүйл байдаг. Таны хувьд…?
-Харилцаанаас харилцаа үүсдэг. Тийм болохоор хэрхэн мэндэлж байгааг анзаарч хардаг юм байна. Би их үнэнч хүн. Нээлттэй, нийтэч учраас олны итгэлийг алдахгүйг хичээдэг.
-Баярлалаа танд. Ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?
Олны хайр хүндлэлийг хүлээсэн, амьдралын утга учир, сайхан бүхнийг тусламж ирсэн хүн бүрт мэдрүүлж байдаг алба минь улам бадран хөгжих болтугай. Энэ албаны нэгэн эд болж, амьд “бурхад” аврагч нартайгаа хамтран үүрэг гүйцэтгэж байгаа минь хамгийн том бахархал гэдгийг хэлмээр байна.