НББХ: Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

0

Улсын Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.08.21) хуралдаан 11:38 цагт гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

“Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 02-нд баталсан юм. Уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулгадаа дурдав. Тэрбээр, өнгөрсөн парламентын үед нэг хийсэн чухал ажил бол эмийн чанар, хүртээмжийн талаар нээттэй сонсгол зохион байгуулсан явдал гэж онцлоод, үүний үр дүнд шинэчлэн баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг ирэх 10 дугаар сарын 01-нээс мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудаас 38 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт ямар байгаа талаар асуухад урагшилсан нэг ч алхам алга байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Даргын дэргэдэх зөвлөлд санал гаргаж “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа итгэлцлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, гаалийн болон татварын байгууллагатай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээллийн санг хөтөлж, эмийн бодит үнийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүргийг дахин нягталж, хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгох талаар судалж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар заажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хөнгөлөлттэй эм хөдөөгийн, алслагдсан сумын иргэдэд хүрдэггүй, аймаг, сумдын эмнэлгүүдихээхэн хэмжээний эмийн өртэй болсон, мөн сумын эмнэлгүүдэд рентген аппарат зэрэг тоног төхөөрөмж дутагдалтай байгаа болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар өнөөг хүртэл зориулалтын байргүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, эмийн лабораторийн хүний нөөцөд яаж анхаарах, лабораториуд эмчилгээний идэвхжлээс гадна нянгийн идэвхжлийг судлах боломжтой эсэх, мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ямар үүрэгтэйг болон 38 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг ганц нэгхэн компани төсөвт өртгийн ихэнхийг хүртдэг зэрэг асуудал Улсын Их Хуралд тусдаа орж ирж хэлэлцэгдэх эсэх, мөн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн нэрс дотор өөрийнх нь нэр орсныг дурдаж, сайтар шалгаж нягталсны үндсэн дээр ийм асуудлыг олон нийтэд зарлаж байх нь зүйтэй гээд, огт аптек байхгүй сумдыг аптектай болгох асуудлыг томоохон ханган нийлүүлэгчдийг үүрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой талаар ярив. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл төрийн холбоо хамаарал бүхий этгээдүүдээр дамжиж гардаг, жирийн иргэн эрхлээд явах боломжгүй талаар олон нийтийн дунд санал, гомдол ихээхэн гардаг талаар дурдаж, энэ төрийн оролцоо, танил тал, ашиг сонирхлын хэлхээ сүлбээг багасгахад цаашид анхаарах шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүдийн асуултад хариулахдаа, 38 дугаар тогтоолын дагуу эмийг хил, гаалиар орж ирэхээс нь эхлээд үнийг нь тодорхой байлгах, хэн гэдэг эцсийн хэрэглэгч дээр очиж байгааг хүртэлх бүртгэл мэдээллийг тодорхой хөтлөх ажлыг хийж байна. Мөн, эмийн үнийг тогтоон барих зорилгын хүрээнд нэгдсэн худалдан авалтуудыг зохион байгуулахаар цөөнгүй гэрээ, хэлцлүүд хийгдсэн гэсэн юм. Түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дагуу Эмийн зөвлөлийн сонгон шалгаруулалтыг заргах бэлтгэл ажлыг хангаад байна гэв.

Асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара, Ж.Баясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нар үг хэлж, саналаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд, тогтоолын төсөлд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар тусгах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг цэгцэлж, бүртгэлгүй эмийг сурталчлах бүү хэл оруулж ирэхийг хориглох, гадаадаас авч хэрэглэсэн эмийн үйлчлэл дотоодын зах зээл дээрхээс өндөр байдагт дүгнэлт хийх, орлого нь 2018 оныхоосоо дөрөв дахин нэмэгдсэн Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэр хэмжээгээр сайжруулах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм. Санал хураалт явуулахад Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар үүний дараа “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу зүйл бүрээр хэлэлцэв.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ж.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Б.Бейсен, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих бодлого, халамжийн төвүүдийн стандарт, хүчирхийллээс хамгаалах тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх, орчны бохирдолтой холбоотой хүн амын нийгмийн баталгааны асуудал, эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэддээ хүртээмжтэй хуваарилах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж, хамгааллыг хэрхэн нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, тогтвортой, байнгын ажлын байрыг дэмжих болон халамж, тэтгэмжийг зорилтот бүлэг рүү ямар аргаар оновчтой чиглүүлэх, ядуурлыг хэрхэн хоёр дахин бууруулах, хэмжих нэгж, итгэлцүүрийг шинэчлэх эсэх, эрүүл мэндийн салбарыг хэрхэн бүсчлэн хөгжүүлж, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, мөн гадаадад өндөр өртгөөр эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэх болон “Цалинтай ээж”-ийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх боломж бий, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө салбарын реформ хийх шинэчлэлийн томоохон концепцийн бодлогуудыг тусгасны нэг нь хүн амын бодлогын төвд гэр бүлийг тавьж, нийгмийн салбарыг бүхэлд нь цогц байдлаар авч үзэж буй явдал хэмээн онцлоод, залуучууд, хүүхэд, ахмад настнууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт хүн амын бүхий л бүлгүүд гэр бүлд очиж зангилагдана гэлээ. Тэрбээр, хүн амын эдгээр бүлгүүдийг өнгөрсөн хугацаанд салангидаар авч үзсээр ирсэн нь хүч, нөөцийг ихээхэн тарамдуулж, үр дүнгүй байсан талаар тайлбарлаж, ирэхжилүүдэд энэ бүгдийг нэгтгэсэн бодлогыг хэрэгжүүлснээр өөр хоорондынх нь уялдаа холбоо хангагдана гэсэн юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 180 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт шаардагдахаар байгааг тэрбээр мэдээлж, эдийн засгийн өсөлтийг 6-8 хувьд барьж, инфляцийг мөн энэ хэмжээнээс дээш гаргахгүй, мөн төсвийн алдагдал, өрийн таазын хэтрүүлэхгүй, зээлжих зэрэглэлээ бууруулахгүй байж чадвал хүртээмжтэй эдийн засгийн боломжит орон зай нээгдэнэ гэсэн хариултыг өгөв.

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, төвлөрлийг сааруулах бодлогы хүрээнд зургаан бүсийн төвд Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдийг Азий хөгжлийн банкны санхүүжилтээр барих асуудал шийдэгдсэн талаар Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгч, цаашид ард иргэдээ өвдсөний дараа эмчилдэг биш өвчлүүлэхгүй байх цогц тогтолцоо руу шилжинэ гэсэн юм. Ялангуяа ханиад, томууны үед эмнэлгийн орны тоог нэмэх гэхээсээ илүү хүүхдүүдийг өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд өрхийн түвшинд оношилж, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах бодлого баримталж буйгаа хэлэв. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, өрийн эмнэлгүүдийн чадавх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг шийдвэрлэх гэхээсээ дотооддоо эмчлэх боломж, чадавх бий болгож, боловсон хүчнийг бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллана гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд оруулахаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Л.Энхнасан, С.Зулпхар, Б.Хэрлэн, М.Ганхүлэг, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Ингэснээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусав. Байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг Төрийн байгууллагын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийв. Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан талаар дурдаад, улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх, хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх томоохон төслүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавихад тодотголын зорилт чиглэж байгааг онцлов. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэх үүднээс Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийн бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна. Үүний хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн, эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэх, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг суулгасан байна. Түүнчлэн, Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүн шинэлэгдсэнтэй холбоотой төсвийн зохицуулалтыг хийснийг дээр Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн зохицуулалтыг нарийвчилсан заалтуудыг оруулсан байна.

Улсын болон Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулж, эдгээр хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байгаагаа дурдсан юм. Төсвийн тодотголд Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зардалд нийт 41.9 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон байгааг тэрбээр танилцуулгадаа тэмдэглэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Д.Үүрийнтуяа нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлууд ойрын хугацаанд дуусах боломжтой эсэх, томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт нийгмийн салбарын зардлыг танахад хүргэх эрсдэл бий эсэх, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд хүү тооцох боломжийг судалсан эсэх, шууд гэрээ байгуулах худалдан авалтын шаардлага нь ямар хэм хэмжээтэйг болон Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь одоо үзүүлж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээтэй давхардах эсэх, Эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн бэхжүүлэх, эрүүл мэндийн сайдын урсгал зардал юу учир 22.7 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг асуулт тавьж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, төсвийн хөрөнгө оруулалтын зохистой харьцаа, тусай шаардлагуудыг тогтоож, сайтар баримталж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хувийн хэвшил, иргэний нийгмийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах замаар зөвхөн улсын төсвөөр хийж чадахгүй томоохон нийгмийн реформуудыг санхүүжүүлэх,  эдийн засаг, татвар, нийгмийн бодлогуудаар давхар хөшүүлэгдэж, дэмжих аргыг зохистой ашиглаж, үр дүнтэй ажиллах нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *