Б.Жавхлан: Мега төслүүдийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг хийх 484 тэрбум төгрөгийг төсөвт суулгана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна.Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө эдийн засгаа тэлэх хүрээнд 14 мега төслийг эхлүүлэхээр тусгасан. Эдгээр 14 мега төсөл нь ойролцоогоор 40 тэрбум ам.доллар буюу 120 их наяд төгрөгийн өртөгтэй байх юм. Төслийн санхүүжилтийг хэрхэн босгох шийдлээ Засгийн газар тодорхойлоогүй байгаа ч зураг төсөл, ТЭЗҮ болон төсөл эхлүүлэх бэлтгэл ажил хангах зардлыг 2024 оны төсвийн тодотголд суулгахаар оруулж ирсэн байна.Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн том төслүүдийн зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ зэрэг бэлтгэл ажил хангахад 484 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусгаж байгаа. Дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагч дээр хуваарилагдаж байна. Зам тээвэр, хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Монгол Улсын сайд, 20 минутын хот хариуцсан үндэсний хорооны сайдад хуваагдаж байна.Том төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн схем тодорхойлогдоогүй байна. Зураг төсөл, ТЭЗҮ гарсны дараа ажлын даалгавар гарна. Үүнтэй уялдуулж алийг нь төр хувийн хэвшлийн явах уу, алийг нь шууд хөрөнгө оруулалтаар хийх үү, аль нь гадаад хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татах уу, төрийн өмчийн компаниуд юу хийж чадах уу гэдгийг хэлнэ. Энэ ажлыг бүтцээрээ Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж боловсруулдаг болсон. Том төслүүдийг дуустал нь төсөв санхүүжүүлж, тэлэх нэг ч төсөл байхгүй. Төрийн хувийн хэвшлийн түншлэл, эсвэл гаднын шууд хөрөнгө оруулалт, холимог байдлаар явна. Харин төсөв дээр том төслүүдийг эхлүүлэх бэлтгэлийг хангах чиглэлд зардал суулгаж байгаа юм.