Б.Батцэцэг: Монгол Улс жендэрийн тэгш байдлын төлөөх хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсаар байх болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөлөө. Чуулганы үр дүнгээр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед нар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улс 2022 онд эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг тус тус зохион байгуулж, жендэрийн тэгш байдлын төлөөх хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсан. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь тэдгээрийн үргэлжлэл юм. Энэ удаагийн чуулга уулзалт Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцсанаараа онцлог байлаа. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталдаг, аливаа улс орны түүх соёл, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналыг хүндэтгэсэн олон ургальч үзлийг дэмждэг улсын хувьд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш харьцааг хадгалах асуудлаар олон улсын бусад арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед хэвлэлийнхэнд хандаж хэлсэн үгэндээ уг чуулга уулзалтыг зохион байгуулахад манлайлан оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Монголын ард түмэнд талархлаа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр,
“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ирэх жил болох “Бээжин +30” чуулганаас өмнө зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал боллоо. Дөрвөн долоо хоногийн дараа дэлхийн удирдагчид НҮБ-ын түвшинд Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хуран чуулах гэж байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхгүйгээр илүү сайн ирээдүйд хүрэх дөт зам байхгүй гэдгийг хэлэлцэх мөч юм. Тогтвортой хөгжлийн зорилго нь бидний ахиц дэвшлийн төлөвлөгөө бөгөөд энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тууштай, цуцашгүй байж, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй юм” гэлээ.
НҮБ-тай хамтран зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтаар 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн бус байгууллага, иргэнийн нийгэм болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын манлайлагч 800 гаруй эмэгтэй чуулж, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо зэрэг асуудлаар өргөн цар хүрээтэй яриа өрнүүлж, харилцан туршлага солилцсон юм.
Чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, хүйсийн тэгш бус харьцаа зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг даван туулахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа, хүнсний тогтолцоо, жендэрийн тэгш эдийн засаг, дижитал эдийн засаг, боловсрол, спорт, урлаг, соёл зэрэг сэдвээр 6 салбар хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гаргав.