“Хөгжиж буй орны арван ажлын байр тутмын долоог ЖДҮ эрхлэгчид бий болгодог”

0

“Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа 2024” үйл ажиллагаа нь өнөөдөр Корпорейт Хотел энд Конвеншн Центрт зохион байгуулагдлаа.

Хоёр орны компаниудын танилцуулга – бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, “BizMatching 1:1” бизнес уулзалтаас бүрдсэн тус үйл ажиллагаанд БНСУ-ын 167, Монгол улсын 100 гаруй бизнес эрхлэгч, хоёр улсын 12 салбарын төлөөлөл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож байна.

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Жижиг, дунд үйлдвэрийн газар”, БНСУ-ын “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэг” хамтран зохион байгуулж буй тус үйл ажиллагаа нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

БНСУ-ын элчин сайд Чой Жин Вон “Хоёр орны хоорондын гадаад худалдааны хэмжээ анх дипломат харилцаа тогтоож байсан үеэс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Солонгос Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эцэслэн байгуулах нь улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад худалдааны хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх боломж юм” гэлээ.

“Аригун” Брендийн үүсгэн байгуулагч “Их өсөлт” ХХК-ний захирал Х.Ихбаяр “2017 оноос хойш манай компани шар буурцагны тосоор хийсэн органик лааг үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс хойш долоон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 20 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тэр дундаа тасалгааны шингэн болон тосон үнэртүүлэгч, машины үнэртүүлэгчийг анх удаа Монгол улсдаа үйдлвэрлэсэн. 2018 онд Япон улс руу нэг тонн гаруй лааг экспортолсон. Аригун компани маань арван сард Солонгос улсад ЖДҮ сангаас зохион байгуулах экспод орох төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаа нь жижиг дунд үйлдвэрлэгчид илүү олон боломжуудыг нээхээс гадна олон улсад бүтээгдэхүүнээ борлуулах эхний алхам болно хэмээн үзэж байна ” хэмээлээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн  дарга А.Гэрэлзаяа “Хөгжиж буй орны арван ажлын байр тутмын долоог жижиг, дунд бизнес эрхлэгчид бий болгодог. Монгол улсын хэмжээнд бизнес эрхлэгчдийн 66 хувийг ЖДҮ эзэлж байна. Уг бизнес эрхлэгчид дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5 хувь экспортын 2.4 хувийг үйлдвэрлэдэг. Цаашид энэ тоо хэмжээг нэмэгдүүлэх ЖДҮ-ийг дэмжихээр өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *