“Гэрээний дүнгээс хэтэрсэн эмнэлгүүдийн хөнгөлөлт зогссон”

0

Иргэд цахим хуудаст эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг хувийн эмнэлгүүд төлбөрөө бүтэн шаардаж байгаа талаар бичиж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хувийн эмнэлгүүдэд үзүүлдэг хөнгөлөлт зогссон эсэхийг тодрууллаа.

ЭМДЕГ-ын Худалдан авах, гэрээлэлтийн газартай холбогдоход, өнөөдрөөс буюу наймдугаар сарын 26-наас зарим хувийн эмнэлгийн гэрээний хугацаатай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт зогссон.

Нийт хэчнээн хувийн эмнэлэг ЭМДЕГ-тай гэрээгээр ажилладаг нь нууцад хамааралтай. Худалдан авах, гэрээлэлтийн газраас хөнгөлөлт үзүүлэх боломжгүй болсон эмнэлгүүд рүү утсаар холбогдож мэдэгдсэн. Гэрээтэй байдаг бүх хувийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт зогссон гэдэг ташаа мэдээлэл. Зарим эмнэлгийнх тодорхойгүй хугацаанд зогссон нь үнэн гэлээ.

ЭМДЕГ-ын ХАГГ-ын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаагийн өгсөн мэдээллээр, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээ байгуулан ажилладаг. Тухайн гэрээнд эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур, талуудын хариуцлагыг тусгасан байдаг. 2024 оны эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан төсвийн хүрээнд хөнгөлөлт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тоо хэмжээг тогтоож ажилласан. Наймдугаар сарын 23-ны өдрөөр хязгаарлаж, заасан дүнг хэтрүүлсэн зарим эмнэлгүүдэд мэдээлэл хүргүүлсэн гэв.

Иргэдийн бичиж байгаагаар, өнгөрсөн Баасан гаригаас буюу наймдугаар сарын 23-наас хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон үзүүлэх, шинжилгээ өгөх тохиолдолд даатгалаар хөнгөлөгдөөгүй үндсэн үнээр үйлчлүүлэх шийдвэр гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаад байсан. Гэтэл энэ оныг дуустал улсын болон хувийн хэвшлийн 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоож гэрээг дуусгавар болгосон байна. Хувийн эмнэлгүүдтэй холбогдож мөн ямар шалтгаанаар гэрээг дуусгавар болгосныг асуулаа.

ЭМНЭЛГҮҮД: ЯМАР ШАЛТГААНААР ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗОГСООСНЫГ МЭДЭХГҮЙ, ТҮР ХУГАЦААНД ГЭСЭН БИЧИГ ИРСЭН

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлж байгаа 82 эмнэлгийн заримтай нь холбогдож тодруулахад хөнгөлөлт зогсоох шийдвэр гэнэт л ирсэн. Гэхдээ түр хугацаанд зогссон гэсэн бол 10 гаруй эмнэлэг хөнгөлөлт зогсоогүй. Заасан үйлчилгээнүүдэд хөнгөлөлт хэвийн үйлчилнэ гэх хариу өглөө. Тэгэхээр ЭМД-ын хөнгөлөлт зогссон эмнэлгүүд ирэх 2025 оны санхүүжилт батлагдах хүртэл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхгүй гэж ойлгож болох нь.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *