Есдүгээр сард сэрүүсэж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй

0

Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст есдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4 нд төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг ЦУОШГ мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.  

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, хүйтэрнэ. Хоёрдугаар 10 хоногийн дунд, сүүлч үед зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх юм. Агаарын дундаж температур нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар 10 хоногийн ихэнх хугацаанд, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх аж.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй.

Эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд үе, хоёр, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим, дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд, сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. Агаарын дундаж температур нэгдүгээр 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим, дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд, сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. Агаарын дундаж температур нэгдүгээр 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим, дунджаас бага зэрэг дулаан байх аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *