С.Будхүү: Шавь минь “Багшаа, та олимпын медаль барьж үзнэ ээ” гэж хэлсэндээ хүрлээ
Завхан аймгийн уугуул, таеквондогийн спортын олон улсын хэмжээний мастер тамирчин У.Сүрэнжав Монгол Улсын паралимпын түүхэнд шинэ хуудас нээж, Парис-2024 зуны паралимпын наадамд таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн К44 ангилалд аваргаллаа.
“Цэцэн шонхор” клубийн тамирчдын бэлтгэлийн үеэр.
Түүнийг таеквондогийн спортод хөтөлсөн анхны багш, Завхан аймгийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн Төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүү юм. Тэрбээр Завхан аймагтаа “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулж таеквондогийн спортод сонирхолтой хүүхэд, залууст зааж сургаж эхэлсэн нь өнөөдөр олимпын аваргыг төрүүлэх үндэс суурь болжээ. Олимпын аваргын анхны багш түүнтэй холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Багш С.Будхүү шавь нарын хамт
Юуны өмнө Монголын Таеквондогийн холбоо, пара таеквондогийн хамт олон шигшээ багийн багш дасгалжуулагч нарт болон хөөрхөн шавьдаа, түүний хүндэт аав ээж, гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
У.Сүрэнжав маань даруухан, өөртөө итгэлтэй, бусадтай хүндлэлтэй харилцдаг охин ирж байлаа. Бид нар 2017 оны УАШТ-д Завхан аймгаас долоон хүний бүрэлдэхүүнтэй ирээд бүгд медаль авсан. Медалиудаа Долоон бурхан одны хэлбэртэй бариад зургаа авхуулж байсан тэр цаг, сайхан дурсамж тод санагдаж байна. Энэ цагаас хойш шавь маань пара таеквондод орсон доо.
Долуулаа медаль хүртэж Долоон бурхан одыг медалиар “бүтээв”.
Уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг. Шавьтайгаа уулзаж багш шавь болсондоо маш их баяртай байна. Пара таеквондогийн багш, дасгалжуулагч хамт олонд дахин дахин баярлалаа. Энэ бол монгол бахархал юм. Тамирчин хүний асгаруулсан хөлс бүхэн нь үнэ цэнтэй. Хүчирхэг монгол охин минь хэлсэндээ хүрлээ. Багшаа, та олимпын медаль барьж үзнэ ээ” гэж хэлсэн нь биеллээ оллоо.
Олон улсын таеквондогийн дэлхийн аварга ОУХМ С.Будхүү, түүний шавь паралимпын аварга У.Сүрэнжав нар.