Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Э.Оюунболдын жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянгаар торгосон бол бусдын биед халдсан үйлийг шалгаж байгаа аж
Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10 /2024.08.10/-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрэгт байрлах “Их наяд худалдаа төвийн ойролцоо бусдын биед халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Э.Оюунболдын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд хуулийн байгууллагаас хариуцлага тооцжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар Э.Оюунболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн хэрэгт 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Учир нь тэрбээр өмнө нь энэ зөрчлийг гаргаж байгаагүй анх удаа эл төрлийн хэрэгт холбогдсон тул шүүхээс дээрх шийтгэлийг оногдуулсан байна.
Харин түүний тухайн зөрчлийг гаргах үедээ бусдын биед халдсан гэх үйлдлийг тусад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Зөрчлийн тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.