Вьетнамаас ажиллах хүч нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСВУ-ын Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн Байнгын дэд дарга Нгуен Гао Фук тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Куанг Нгай муж нь 5000 км/кв нутаг дэвсгэртэй 1.3 сая хүн амтай. Аж үйлдвэрлэл хөгжсөн муж юм. Мужийн эдийн засагт газрын тосны олборлолт ихээхэн жин дардаг бол, ХАА- н салбараас 17 хувийг нь бүрдүүлдэг.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уулзалтын эхэнд Монгол, Вьетнам улс нь олон жилийн найрсаг, дотно харилцаатай бөгөөд энэ нь хоёр орны ард түмний хоорондын чин сэтгэлийн найрсаг харилцаа болж чадсаныг онцоллоо.
Мөн Монгол, Вьетнам хоёр орон олон салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжтой. Монголын эдийн засгийн суурь, тулгуур салбар нь хөдөө аж ахуй, уул уурхайн олборлолт экспорт байдаг бол сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг идэвхтэй хөгжүүлж байгааг танилцуулав. Тиймээс “Аялал жуулчлалын” хэмээгддэг Вьетнам оронтай энэ салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг хэллээ. Түүнчлэн оюутан солилцоо, мэргэжилтэн бэлтгэх зэрэг хөгжлийн гол суурь болсон хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах сонирхолтойг танилцуулж, Улаанбаатар хот, Куанг Нгай мужийн харилцааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Нгуен Гао Фук хэлэхдээ Монгол орон нь өвөрмөц уур амьсгалтай, үзэсгэлэнтэй байгальтай орон учир аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой. Вьетнамчууд Австрали…зэрэг орнууд руу олноор аяладаг байсан бол одоо өвөрмөц соёлтой, байгаль дэлхийдээ ойр хийгээд ээлтэй ахуйтай оронд очиж үзэхийг сонирхох болсон. Тиймээс Монгол оронд аялах Вьетнам иргэдийн тоо өссөн. Цаашид иргэд хоорондын найрсаг харилцаа эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжлийн гүүр болно гэдэгт итгэлтэй байна гэв.Мөн барилга, машин механизм зэрэг салбарт Вьетнамаас ажиллах хүч нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ.
БНСВУ-ын Куанг Нгай мужийн Ардын зөвлөлийн хурал нь 55 төлөөлөгчтэй. Байнгын 1 хороо, Ажлын 4 хороотой бөгөөд мужийн хөгжлийн бүх бодлогыг эдгээр хороогоор тодорхойлдог байна.