Монгол Улс Путиныг баривчлахаас татгалзах уу

0

2019 оны айчлалын хуучин зураг ашиглав.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх товыг зарласан. Энэхүү айлчлал нь Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд явагдах бөгөөд Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.Гаднын хэвлэлүүд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад айлчлах мэдээллийг онцлохын сацуу Олон улсын Эрүүгийн шүүхээс Путины эсрэг гаргасан шийдвэрийг боловсноор Монгол Улсад сануулжээ.Энэ нь, 2023 оны гуравдугаар сард Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхээс Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргах дайны гэмт хэрэг хийсэн гэх үндэслэлээр В.В. Путиныг буруутгаж, баривчлах тушаалыг гаргасан. Монгол Улс 2002 онд Олон Улсын Эрүүгийн шүүхийн зохицуулах гэрээ болох Ромын дүрэмд гарын үсэг зурсан улсуудын нэг бөгөөд шүүхийн шийдвэр, тушаалыг биелүүлэх үүрэг хүлээсэн. Олон улсын хэвлэлүүд энэ талаас нь асуудлыг харж, В.В.Путиныг айлчлах үеэр нь Монгол Улс баривчилж, Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэйг сануулжээ. Мөн ОХУ Украин руу халдан түрэмгийлснээс хойш В.В.Путин Олон Улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гишүүн улсад анх удаа айлчилсан нь Монгол Улс болж магадгүй байна. Хэрвээ Монгол Улс Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүний үүргээ биелүүлэхгүй бол олон улсын харилцаанд сөрөг үр дагавар гарах эрсдэлүүд бий. Гэвч үүргээ биелүүлж В.В.Путиныг баривчиллаа гэхэд хойд хөршөөсөө эрчим хүч, шатахууны хамааралтай учраас тун хүнд байдал орно.Гэхдээ нөгөө талд Монгол Улс В.В.Путиныг баривчлахаас татгалзах зохицуулалт бийг зарим хуульч тайлбарлажээ.Ромын дүрмийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар аливаа этгээдийг Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх хүсэлт нь тухайн гишүүн улсын байгуулсан олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгт үл нийцэхээр байвал тухайн гишүүн улсаас урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд хүлээлгэн өгөхөөс татгалзаж болно. Өөрөөр хэлбэл, В.В.Путиныг баривчлан Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх нь Монгол Улсын ОХУ-тай байгуулсан хоёр талт гэрээг зөрчихөд хүргэхээр байвал Монгол Улс хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байх утга агуулж байгаа аж.Түүнчлэн, үүссэн асуудалтай холбоотойгоор хоёр тал айлчлалыг зогсоох яриа хэлэлцээг хийх боломжтой. Учир нь, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийх гэтэл тус улс Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн тул хоёр талаасаа хэлэлцээд айлчлалаа зогсоож байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *