УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ
УИХ-ын дарга асан З.Энхболдод “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг прокурорын байгууллагаас энэ сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
Шүүх уг саналыг хянан хэлэлцсэн байна.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад Нийслэлийн прокурорын газраас 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр №91 дугаартай З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гарсан байна.
Уг тогтоолтой З.Энхболд гуравдугаар сарын 27-ны өдөр танилцсан болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…сая /2023.03.27/ өмгөөлөгчийн хамт прокурорын тогтоолтой танилцаад, мэдүүлэг өгөөд ирлээ…” гэх тайлбар болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын танилцах хэсэгт /З.Энхболд, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гээд гарын үсэг зурсан/ баримт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ…” гэж, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ /Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох/ авна…” гэж тус тус заасан.
Прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн прокурор санал дахин гаргах эрх нь нээлттэй гэв.